УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-д халдвар авсан аав, ээжийгээ сахиж байгаад нэг хоноод буцаж гарсан гэх асуудалд Шадар сайд С.Амарсайхан тайлбар өглөө.
Өчигдөр УОК-оос мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч Шадар сайд С.Амарсайханаас "Таны хадам аав ээж хоёр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эхнэр тань сахиураар очоод эмнэлгийн нөхцөл байдал, өрөөний ариун цэврийг хангалтгүй гэж үзэн нэг хоноод гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? ХӨСҮТ-ийг хамгийн эрсдэл өндөртэй, улаан бүс гэж үзэж байгаа. Тиймээс энд хүн сахиж, буцаж гаран нийгэмд эрсдэл үүсгэж болох уу?" гэсэн асуултад
С.Амарсайхан: "Манай эхнэр хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Сахиураар очсон. Вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагдсан. Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн АСУУДАЛ БАЙХГҮЙ" гэсэн хариуг өгсөн юм.
Харин өнөөдөр уг асуудалд дараах тайлбарыг өглөө:
"Бид ард түмэндээ бодитой мэдээлэл өгөх ёстой. 3-р сарын 1-нээс биеийн байдал нь маш хүнд байгаа хүн дээр сахиур орж болохыг мэдэгдсэн. Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 нас гарсан хөгшин байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусаж байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэд ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас сэргийлэхэд анхаарах шаардлагатайг энэ ташрамд хэлье. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Гаргасан дэглэм журмыг би болон миний гэр бүл зөрчих ёсгүй. Би ч зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна. Манай эхнэр гэртээ ирсэн асуудал байхгүй. Би 10 гаруй хоног эхнэртэйгээ уулзаагүй явж байна. Манай хадам ээж, аавын хариу хоёулаа эерэг гарсан. Энэ тэндээс, дэлгүүр хоршооноос авсан уу? Мэдэхгүй хаанаас халдвар авсан нь тодорхойгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгааг хэлье. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би асуудал эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байгаа. Би бол албан тушаалд шунахгүй. Асуудалд хариуцлага үүрч чадна. Гэхдээ энэ асуудлыг сонгуультай битгий холбоорой" гэлээ.