С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тайлбар өглөө.
Тэрээр: "Одоо миний ярьж байгаа гол зүйл бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа 2-ыг эрүүдэн шүүсэн тухай юм.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 41-р зүйл дээр 4-н заалт байгаа. Үүний дагуу одоо прокурор эсэргүүцэл бичиж Дээд Шүүхийн 3 шатны шүүхийг хүчингүй болгох хэрэгтэй. Үүнээс өөр гарц байхгүй.
Анх 2017 онд намайг ажил авахад энэ 2 хүн Тахир соёотод хоригдож байсан энэ бол бүх насаараа хорих ял авсан хүмүүсийн байдаг газар. Бараг жил хөөцөлдөж байж хууль ёсных нь хорих ангид авчирсан. Энэ бол миний хийж чадах зүйл байсан. Тэндээс холдуулах амь насыг нь хамгаалах байсан. Би хоёулантай нь биеэрээ уулзсан.
Дараа нь би ар гэрээс нь төрийн нэрийн өмнөөс уучлал гуйсан. Би хэр баргийн зүйл дээр уучлал гуйхгүй. Гэхдээ энэ бол хилс хэрэг гэдэгт 100 хувь итгэлтэй байсан учраас уучлал гуйсан.
Би энэ хэргийг зохиогоогүй. Би бол зохиол бичдэг хүн биш баримттай ярьдаг хүн. Г.Эрдэнэбат бол өөрөө энэ зохиолыг эхлүүлсэн" гэж хэллээ.