Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, БХБЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачдын төлөөллөөр хэлэлцүүллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг долоон бүлэг 46 зүйл, 131 хэсэг, 116 заалттай байхаар боловсруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол гуравдугаар бүлэгт нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байхыг тусгажээ. Тодруулбал, нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад дотоод хөрөнгийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар тодорхой зохицуулалтыг тусгасан байна. Мөн концесс, нийслэлийн сан, чөлөөт бүсийг уг хуулиар зохицуулахаар тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэл хот ямар чиг үүрэгтэй байх, эдийн засгийн болон бусад этгээдтэй ямар харилцаанд орох, дагуул хот, хаяа тосгоноо яаж хөгжүүлэх зэрэг гол харилцаануудыг тусгасан. Мөн төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулж өгөхөөр тусгасан байгаа. Иргэд, аж ахуй нэгжийг хөгжих, эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг илүү нээлттэй болгоно. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд, аж ахуй нэгжээс санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс 200 орчим санал гарсан байна. Эдгээр саналыг хуулийн төсөлд тусгахаар нягтална” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ