Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хороо энэ оны нэгдүгээр сарын 26, гуравдугаар сарын 30-ны өдрүүдийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн Лхагважавын Төр-Од нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Нэр дэвшигч С.Эрдэнэбат нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр, С.Жаргалсайхан нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар, Э.Энхжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Монголын ажил олгогч эздийн холбооны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд ерөнхий зохицуулалтын газрын даргаар, Х.Амгалан нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Улаанбаатар төмөр замд Засвар ашиглалт хариуцсан орлогч даргаар, Л.Төр-Од нь эдийн засагч мэргэжилтэй, 2019 оноос Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч тус бүрээр явуулахад нэр дэвшигч Э.Энхжаргал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувийн, Л.Төр-Од 51.6 хувийн дэмжлэг авч, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдов. Харин нэр дэвшигч С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Х.Амгалан нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.  

 

 

 

Таны сурталчилгаа