Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хуулийн төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоол батлав
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн 7, 8, 9, 10, 11, 18, 19, 21, 27, 39, 57, 58, 64 дүгээр зүйлийг бүхэлд нь хасах, “Хоршооны гишүүн” гэсэн гуравдугаар бүлгийн гарчиг шинээр нэмэх, “Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүний үүргийг нэмэгдүүлэхгүй байх” агуулга бүхий 53 дугаар зүйл шинээр нэмэхийг гишүүд дэмжсэн. Түүнчлэн “Хуулийн нэр томьёо” гэсэн агуулга бүхий 4 дүгээр зүйлийг, “Хоршооны үйл ажиллагаанд баримтлах зарчим” гэсэн агуулга бүхий 5 дугаар зүйлийг, “Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл” гэсэн агуулга бүхий 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар боллоо.
Төслийн 12 зүйлийн “Хоршооны оноосон нэр, оршин байгаа газар” гэснийг 7 дугаар зүйл болгон өөрчилж, 6.1. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ; 6.2. Хоршоог хоршооны аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно; 6.3. Хоршооны ерөнхий захиргаа оршин байгаа газрыг хоршооны төв гэж үзнэ.” гэж өөрчлөхийг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн саналыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. “Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх” төслийн 14 дүгээр зүйлийг 9 дүгээр зүйл болгож “9.1. Хоршоог үүсгэн байгуулагч хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлнэ.” хэмээн өөрчлөн найруулахаар боллоо. Мөн “Хоршооны дүрэм, түүний агуулга” гэсэн 15 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны дүрэмд нэмэлт, еөрчлөлт оруулах” гэсэн төслийн 16 дугаар зүйлийг 11 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны эрх, үүрэг” гэсэн 17 дугаар зүйлийг 12 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны хариуцлага” гэсэн 20 дугаар зүйлийг 13 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн.
Төслийн 22 дугаар зүйлийг 14 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар, “Хоршооны гишүүний бүртгэл хөтлөх” гэсэн 23 дугаар зүйлийг 15 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны гишүүний бүртгэлтэй танилцах” гэсэн төслийн 24 дүгээр зүйлийг 16 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг дэмжсэн.
Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний олонх тус тус дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т “Байнгын хороо энэ хуулийн 39.23-т заасан үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасны дагуу “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Ийм Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан дээрх тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.
Ийнхүү нийт 8 бүлэг, 56 зүйлтэй Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёолол нэг бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсзн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь дэмжжээ.
Г.Амартүвшин гишүүний танилцуулсан Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тодруулга хийсэн. Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 42 гишүүн дэмжин баталлаа. Ингэснээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих “Хүүхдийн төлөө сан” байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг гишүүд дэмжсэн. Үүгээр Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.