УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Боловсролын багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой. Ингэвэл эцэг эх нь ажил хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сайн багш нар хувийн сургуульд очдог. Ингээд тэтгэмж авч чаддаггүй. Дунд сургууль 850 байгаагаас 180 орчим нь хувийн сургууль байгаа юм. Хувийн сургуулиуд маш их хэрэгтэй. Сургууль барих хөрөнгө цаашид улсад том дарамт болж ирнэ. Энэ асуудлыг хувийн хэвшлийнхэн авч явснаар эргэлтийг бий болгож байгаа.
Дээд боловсролын хувьд төсвийнхөө дөнгөж 2.5 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг. Дэлхий нийтэд 10 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Тиймээс дээд сургуулиуд төсвийнхөө тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулахыг хуульчилмаар байна" гэдгийг хэлэв.
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх боловсрол хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Төр хувьсах зардлаа төрийн, хувийн хэвшил гэж ялгавартайгаар зогсоосон зүйл байхгүй. ЕБС-ийн 53,700 хүүхэд хувийн сургуульд сурч байна. Цаашид боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшлийн холимог хэлбэр байна. Өмчийн хэлбэрийг л компанийн хуулиар зохицуулна. Цаашид 2030-2035 он хүртэл хүүхдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс цэцэрлэг, сургууль барих асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтрахаас өөр аргагүй.
Дээд боловсролын салбарын санхүүжилтийг өөрчлөх цаг нь болсон. Уг салбарыг ганцхан сургалт хийдэг биш сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй" гэлээ.