Цаг үеийн мэдээ

Монгол Ардын Намын гишүүдийн сахилгыг чангатгаж, хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх, намын дээд байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй Хяналтын Ерөнхий хороо 30 дахь Их хурлаар шинэчлэгдэж, 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр 2022 оны анхны хурлаа хийлээ.

Хуралдаанаар Монгол Ардын Намын 30 дахь Их хурлаар намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 5 заалтыг тусгаж баталсан. Уг заалтуудыг хэрэгжүүлэх зөвлөмж гарган Удирдах зөвлөлийн ажлын албаны Хүний нөөцийн хэлтэст хүргүүллээ. Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс намын дунд шатны байгууллагуудын Бага хурлыг 2022 оны 1, 2 дугаар саруудад багтааж хуралдуулах чиглэл өгөгдсөн. Энэ ажлын хүрээнд 30 дахь Их хурлаар намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, энэ сарын 20-ны дотор намын анхан шатны байгууллагуудад хүргүүлэх, намын анхан шатанд ажиллаж буй хяналтын байгууллагуудын дунд 2022 оныг ёс зүй, сахилга хариуцлагын жил болгох зарлах тогтоолыг баталж, уриалга, 2022 оны нэгдсэн төлөвлөгөө зэргийг гаргаж ажиллахыг тус тус  шийдвэрлэлээ.

Түүнчлэн Монгол Ардын Намын 30 дахь Их хурлаар батлагдсан намаас томилогдсон албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай 10 дугаар тогтоол, авлигын эсрэг дэвшилтэд бодлогын тухай 12 дугаар тогтоол зэрэг хэд хэдэн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг Хяналтын Ерөнхий хороо манлайлж ажиллахаар болов.

Мөн намын анхан шатны байгууллагуудын Бага хурлууд зарлагдаж байгаатай холбогдуулж төлөөлөгч сонгох, хурлын тов тогтоохтой холбоотойгоор хэд хэдэн аймгаас Хяналтын Ерөнхий хороонд гомдол ирүүлсэн байна. Эдгээр гомдлуудыг хянан шалгаж, дүгнэлт гарган хариуцлага тооцох тогтоолыг баталлаа. Тодруулбал Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны орон тооны бус дэд дарга В.Мөнхбаттай холбоотой удаа дараагийн гомдлыг хянан шалгах явцад ёс зүй болон хариуцлагын зөрчил гаргасан нь нотлогдсон учир намын дүрмийн 6 дугаар зүйл, заалтуудын дагуу намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан бөгөөд гомдол ирүүлсэн Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудын маргааныг хянан шалгах ажлын хэсгүүдийг байгуулж ажилд нь орууллаа.

Таны сурталчилгаа