Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталсан. 

Уг тушаалаар: 

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгалаа. 

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, мэргэжлийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн багийг байгуулан ажиллахыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний лавлагаа төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн  төвийн дарга, захирал нарт даалгалаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн удирдлагад даалгалаа. 

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг бодитой уялдуулж эдгээр ажлуудыг үр дүнтэй хийснээр:

Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, үйлчилгээний чанарыг сайжруулахад

Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц, эерэг өөрчлөлт гаргах ёстой.

Таны сурталчилгаа