Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан : "Хүүхдийн мөнгө сар бүр олгоддог. Энэ жилээс ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ сонголтыг бий болгож байна. Хадгаламжиндаа хийх үү? эсвэл шууд зарцуулах уу? гэдгийг өгөх бүртээ асууна гэсэн үг. Энийг хялбаршуулах үүднээс цахим программын тохиргоо хийсэн. Хэрвээ сар бүр хүсэлтээ өгөх төвөгтэй байвал нэг удаа сонголтоо хийхдээ тохиргоо хийж болно. Шаардлагагүй би сар бүр сонголтоо хийнэ гэвэл тэр сонголт ч мөн нээлттэй. Мөн халамжийн ажилтнууд биечилж уулзах, халамжлан асрагчаас нь асуух зэрэг бүх боломжуудаа ашиглаж байна.
Нийтдээ 1 сая 210 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Өчигдрийн байдлаар 1,1 сая хүүхэд сонголтоо хийсэн байна гэдэг статистик байна. Саналаа өгөх, саналд хамрагдах процесс амжилттай хурдтай хамрагдалт сайтай явж байна. Сонголтын хувьд төрийн сандаа хадгалах уу? татаж аваад ашиглах уу гэдэг сонголт байгаа. Ашиглахдаа мөн өөрийн сонгосон арилжааны банкин дээрээ иргэд өөрсдийн хүсэлтээр зарцуулж болно. Банктайгаа гэрээгээ байгуулаад хүүтэй хадгаламжиндаа хийж болно. Өөрийн дураар зарцуулаад явж болно. 7 сарын 1 хүртэл энэ байдлаар үргэлжилнэ. 7 сарын 1-нээс хойш 50 мянга нь хүүхдүүд дээрээ хадгаламж хэлбэрээр хадгалагдаад явна. Төрийн сан болон арилжааны банкуудад хадгалуулсан хүүхдийн мөнгөний хадгаламж 100 хувь эрсдэлгүй байх болно. Бид 2009 оноос хойш хадгаламжийн даатгалын тогтолцоонд орсон. Өөрөөр хэлбэл 20 сая хүртлэх иргэдийн нийт хадгаламжийг улс хариуцаж менежментийг хийж бүрэн даатгадаг учраас 20 сая төгрөг хүртлэх хүүхдийн мөнгөн хадгаламж бол аль ч банкинд ямар ч хэлбэрээр байсан эрсдэлд орохгүй гэсэн үг.
Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөн хуримтлал хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулж багаас нь хуримтлалыг бий болгох сэтгэхүйд сургах хэрэгтэй байна. Тооцооллоор, энэ хөтөлбөрийн дагуу хүүхэд 0 наснаасаа эхлээд 18 нас хүртлээ мөнгөө хадгалбал 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болно гэсэн тооцоолол байна. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай эх үүсвэртэй хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Өөрийн сургалтын төлбөрийн асуудлаа шийднэ. Мөн хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хөрөнгө оруулалт багаж хэрэгслээ худалдаж авах гэх мэт ийм худалдан авах чадвартай хуримтлалтай иргэдийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдол бүхий хөтөлбөр юм" гэлээ.