Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) болж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөснийг сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуусан. Тэрбээр тэтгэврийн нэмэгдэл инфляцид хэрхэн нөлөөлөх вэ. Үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуусан.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх эрсдэл бий. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Энэ жилийн мөнгөний бодлого улсын төсөвтэй нэлээн уялдаж гарсан. Өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг өсгөх шийдвэр гарч байгаа гэж би ойлгосон. Энэ бол инфляци руу чиглэж байгаа арга хэмжээнүүдийн нэг. Цаашдаа боомтын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь хэвийн болгохын тулд Засгийн газраас тодорхой үйл ажиллагааг явуулж, үр дүнгүүд гарч байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх арга хэмжээг зохион байгуулж байгаа гэсэн хариулт өгсөн.
Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.