Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ахмад настан, халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нартай уулзаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой санал, чиглэл өгсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгмийн зорилтот бүлгүүд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Таны сурталчилгаа