Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2-р сарын 3-наас 8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпын нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийнэ.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцана.
Багийн бусад бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтжээ.
Өвлийн олимпыг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явжээ.