АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ. Захидалд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны олон амжилтуудыг дурьдсаны дотор цэргийн харилцааг чухалчлан өгүүлжээ. Үүнд, "Хоёр орны хоорондын тогтвортой бөгөөд үр өгөөжтэй цэргийн харилцаа нь бидний өргөн цар хүрээтэй түншлэлийн илрэл болж байдаг билээ. Африк, Ирак, Афганистан дахь олон улсын энхийг дэмжих болон эвслийн ажиллагаануудад хоёр арваны турш Монгол Улсын оруулсан хувь нэмэрт миний бие талархаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь мэргэжлийн түвшний энхийг сахиулагч, цэрэг дайчид гэсэн нэр хүндийг олон улсад нэгэнт олсон бөгөөд цаашид бид хамтарсан цэргийн сургуулилтаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно" хэмээн АНУ-ын ерөнхийлөгч захидалдаа бичжээ.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам