Цаг үеийн мэдээ

“Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийсэн. 

2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм.

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно гэдгээ МАН-аас мэдэгдсэн. 

Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй, зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байгаагаа мөн илэрхийлж байсан юм. 

Тэгвэл энэ сарын 11-нд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуй нэгжүүдийг зээлээ төлөхийг шаардан "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийн сэтгүүлчид зохион байгуулахаар боллоо. 

Энэхүү асуудалтай холбогдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дахин байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Гаргасан мэдэгдэлдээ эзэн болно. Та бүхэнтэй хамтарч ажиллах уриалга ч гаргасан. Зохион байгуулах хэлэлцүүлэгт бид оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй. Улс орноо эзэнгүй мэт бодож дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй! Зөв бурууг нь тунгааж, улс орноо эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэнэ" гэлээ. 

Таны сурталчилгаа