Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгч, хүндэт зочид оо,

Төрийн албан хаагчид аа,

Та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье!

Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг.

Өнөөдөр бид амьдралын эх болсон чандмань эрдэнэ усны талаар, тодруулбал Хөвсгөл нуураа хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд хуран цуглаад байна.

Манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай,  хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.

Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нуураа ‘’Далай ээж’’, “Хөх сувд” хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээсээ ундаалж, далай ээждээ умбан шумбадаг билээ.

Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо.

Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332 дугаар тогтоол гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан, Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор холбогдох ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнд хүрч байна.

Энэхүү Хөвсгөл далайг хамгаалах, хөгжүүлэх ажлыг цаашид улам эрчимжүүлэн, зохих үр дүнд хүрэх нь манай улс төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн Төрийн тэргүүн үзэж байна.

1950-аад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо, шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашинууд Хөвсгөл нууран дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрч живснээс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл том, жижиг нийлээд 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулан, хорт хавдар мэт байсаар байна.

Хөвсгөл нуурын усны нөөц 381 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна.

Нууранд живсэн автомашинуудад хадгалагдаж байгаа шатахуун, тос, тосолгооны материал алдагдвал нуурын экологи, лимнологи болон нуур орчмын биологийн олон янз байдал зэрэг нуурын эко системд асар их хор хохирол учруулж болзошгүй байна.

Иймээс Хөвсгөл нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр бид Хөвсгөл нуурын ундарга анхны байдлаасаа хэрхэн өөрчлөгдсөн, нуурын сав шим ертөнц ямар байдалтай байна вэ гэдгийг шинжлэх ухаанчаар судалж,  тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу?

Үүнд итгэл төгс хариулахын тулд Хөвсгөл нуур судлалыг бүх талаар хөгжүүлэн, далай ээжээ тал бүрээс нь шинжлэх ухаанчаар судлан мэдэж, түүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд манай Шинжлэх ухааны академи, холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид өндөр ач холбогдол өгч, бодит үр дүн гарган ажиллах хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил бид эрдэмтэн, судлаачдынхаа тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр  Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн том эх үүсвэрийг аюулгүй болгосон.

Ийнхүү усны гүнд эрсдэл, бохирдол болон живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц өнөөдөр гадаад, дотоодын жуулчдын “үзмэр” болон хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно.

Живсэн хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид цэнгэг усныхаа томоохон эх үүсвэр болох далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах боломжтой гэдгээ нотлон харуулсан бодит үйл явдал болсон юм.

Цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр гарган Төрийн тэргүүнийхээ өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, энэхүү чухал ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн бүх хүмүүс, бие бүрэлдэхүүн, алба хаагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Далай ээж та бүхнийг мөнхөд тэтгэх болтугай.

Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах ёстой.

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах болон далай тэнгисийн нөөцийг хамгаалах үйлсэд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Иймд тус үйл ажиллагаанд шаардагдах зардал мөнгө, төсвийн хуваарийг оновчтой хийж, жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж ажиллахаас гадна гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас цэвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар, холбогдох байгууллагуудад чиглэл болгож байна.

Хөвсгөл нуур орчмын газар нутгийн хамгаалалтыг сайжруулж байгаль орчин, эко системд нь учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллах ёстой.

Мөн түүнчлэн Шинжлэх ухааны акедеми, холбогдох хүрээлэн, судалгааны байгууллагууд Хөвсгөл нуурын орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлал, загварчлал, тооцооллыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах хэрэгтэй.

Цаашид Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх, нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх, нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж хэрэгжүүлэх, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлагатай байна.

Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна.

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур орчим газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа боллоо.

Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, нуурын усыг бохирдуулж, эко системд нь ноцтой хор хохирол учруулж болохуйц нуурын орчимд байгаа дэд бүтэц, барилга байгууламжийн тооцоо судалгаа, үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нь хангах, эрсдэл, эмзэг байдлыг нь бууруулахад чиглэсэн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Манай улсын аялал жуулчлалын гол маршрут Хөвсгөл нуурыг чиглэдэг боллоо. Нуурыг бохирдуулж байгаа бас нэгэн хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоод, гадаадын аялал жуулчлалын хурдацтай өсөлт юм.

2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсөж, 90 мянга гаруй жуулчин очдог болжээ.

Түүнчлэн нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байна.

Эдгээрээс орох орлогоор ард иргэд маань амьжиргаагаа залгуулж, аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаагаа тасралтгүй  явуулж, ажлын байр бий болгон ашиг орлого олж байгаа нь нэн сайшаалтай боловч далай ээжээ хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, цэвэрлэх ажлыг хэр зэрэг хийж байгаадаа үнэлэлт дүгнэлт өгч, дор бүрнээ нэгийг бодох цаг болжээ.

Эх орноо гэсэн сэтгэл, хандлага иргэн бүхний амьдралыг чиглүүлэгч байх учиртай. Эх орон иргэн танаас эхэлдэг гэдгийг хэзээ ч бүү март.

Хөвсгөл нуурыг хамгаалахад нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, төр засаг, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм.

Далай ээжийгээ цэвэр цэмцгэр, ариун тунгалаг байлгаж, үр хойч үедээ унаган төрхөөр нь хадгалан өвлүүлэх нь та бидний эрхэм үүрэг билээ.

Бидний өвөг дээдэс, ахмад үе үүнийг хийж, хэрэгжүүлсээр ирсэн. Харин одоо та бидний ээлж болжээ.

Монгол хүн бүр амьдрахдаа ч, аялахдаа ч, үйл ажиллагаа эрхлэхдээ ч байгаль дэлхийдээ хоноцын сэтгэлээр биш эзний сэтгэлээр хандаж, уул ус, гол мөрөн, газар нутгаа хайрлан хамгаалж, эцэг тэнгэр, эх дэлхийгээ шүтэн амьдрах учиртай.

Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, хорвоо ертөнц, юмс үзэгдлийн мөн чанар, шүтэн барилдлагыг ухааран мэдэрч, эх дэлхий, сав шим ертөнцөө энэрэн хайрлаж амьдрах нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол ёс заншил, монгол ухаан билээ.

Энэхүү монгол ухаан, зан заншлын дагуу бид Хөвсгөл далай ээжээ хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглаж, хөгжүүлэх талаар өнөөдрийн энэхүү чуулганаар олон арван шинэ санал, санаачилга гаргасан, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн цэгнэж ярилцсан, ирээдүйн бодлого зорилт, хамтын ажиллагаагаа тодорхойлсон, нэгдсэн ойлголтод хүрсэн, ажил хэрэгч түүхэн уулзалт болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Та бидний хандлага, та бидний хамтын ажиллагаанаас далай ээжийн маань цаашдын хувь заяа ихээхэн хамаарна.

“Цувж явсан бараас цуглаж нэгдсэн шаазгай илүү” гэж ардын үг бий.

Өнөөдрийн энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн далай ээжээ гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн зүтгэлтэй бүх хүмүүст ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Хөх Монголын хөх сувд болсон Хөвсгөл далай ээж минь үүрд тунгалаг байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Таны сурталчилгаа