Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Ардчилсан намын ээлжит бус XIII их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1192 төлөөлөгч Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ ээлжит бус хурлыг нээж хэлсэн үгэндээ:
“Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар АН-ын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдгээ авъя гэтэл тамга аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. АН-ыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. АН гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна.
Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэт дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ гэлээ.
Мөн ээлжит бус XIII их хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд нар Ардчилсан намын өнөөгийн байдал болон Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ.