Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн нэг нь Дээд боловсролын тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулзалтыг (2022.03.10) Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулав.
Уулзалтад Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг болон их, дээд сургуулиудын удирдлага, мэргэжлийн хуульчид оролцлоо.
Уулзалтын эхэнд Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам үг хэлэхдээ Дээд боловсролын тухай хуулийн төслийн хоёр заалт буюу их сургуулийн эрх зүйн статус, их сургуулийн Удирдах зөвлөлийн хараат бус төлөөлөл гэсэн хоёр асуудлаар санал солилцох зорилготойг онцолсон.
Дараа нь Дээд боловсролын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх С.Должин дээрх хоёр зохицуулалтын талаар товч танилцуулга хийснээр Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн мэргэжлийн хуульч Т.Мэндсайхан, Д.Лүндээжанцан, Н.Лүндэндорж болон сургуулийн төлөөллүүд саналаа илэрхийлж, асуулт, хариулт өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.