Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд яг одоо үргэлжилж байна. 

Чуулганы санаачлагч, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн Монгол эрчүүдийн өнөөгийн байдлын талаар тавьсан илтгэлдээ “Монгол Улс эрчүүддээ хамгийн ээлгүй улс боллоо. Жилд амь насаа алдаж буй хүний 60 хувь нь эрчүүд байгаа бөгөөд 11 мянга гаруй нь 15-60 насандаа буюу амьдралынхаа ид үед хорвоог орхин одож байна. Ялангуяа 45 наснаас нас баралт огцом нэмэгдэж хүүхдүүд өнчирч, бэлбэсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 жилээр бага байгаа нь дэлхийн дунджаас хол хоцорсон байна” гэсэн судалгааны дүнг танилцуулав. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчүүдийн дунд амиа хорлох нь нэмэгдсэн. Жилд Монгол Улс батальеон цэрэгтэй тэнцэхүйц тооны эрчүүдээ алдаж байгааг тэрээр онцлов. “Би 1000 гаруй шижигнэсэн эрчүүдийн ажил олгогч байсан. Одоо төрийн түшээ хүнийхээ хувьд бодлогын гадна үлдсэн эрчүүдийн асуудлыг  төрийн бодлогын төвд оруулахын төлөө энэхүү чуулганыг санаачилсан гээд, эрчүүдэд боломж, ажлын байр, бахархал гурав үгүйлэгдэж буйг санууллаа.

Ардчилсан Намын Бүлэг

Таны сурталчилгаа