УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийлээ.
"ОХУ-Украины дайн хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг төрүүлж байна. Жижиг улс руу зэвсэг хуримтлуулсан том гүрэн дайрах нь түрэмгийлэл юм. Илэрхий хүч давуу улс эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Үүнд өөр тайлбар байхгүй. Манай улсад ч ийм эмгэнэлт үйл явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Бид аливаа асуудалд энх тайванаар хандан, шударга ёсны талд зогсох ёстой. АН энэ байр сууриндаа хатуу байна. Биднийг янз бүрээр хэлсэнд эмзэглэхгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн олонхын байр суурьтай нэг гэдгээ харуулна. Энэ дайныг хэн илэрхий дэмжиж байгааг та бүхэн мэднэ. Энэ бол цаг хугацааны асуудал. Удахгүй хэний зөв, хэний буруу байсан нь тос, усаараа ялгарна" гэлээ.