АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар батламжаа гардан авлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч асан, АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр: "Хэнтий аймгаас ирээд нар зөв 21 аймгаараа тойрно. Хотын уулзалтууд хийнэ. Өнөөдрийн энэ Ардчилсан намын даргын сунгаа бол Ардчилсан намын асуудал биш юм. Энэ бол Монгол улс цаашдаа парламентийн засаглалтай, ард түмэн иргэдээ парламентад сонгодог ийм сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх ийм сонгуульт сунгаа юм. Тийм учраас үүнийг Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол улс парламент засаглалтай байх уу? үгүй юу? гэдгийг л тогтоох гэсэн сунгаа гэж бодож байна. Төрийн 3 өндөрлөг нэг намаас байна гэдэг бол өөрөө энэ ардчилсан нийгэмд ямаршуу байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байгаа. Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх ийм сонгууль юм хэмээн бодож өөрийн биеийг энэ сунгаанд сойж байна" гэлээ.