Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Их Хурал 2020 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний хуваарь” болон Засгийн газрын 2020 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 3 дахь хэсэгт иргэний мэдэх эрхийг хангах асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан зохицуулахаар тусгасан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг тус тус нэмэхээр тусгасан гэж танилцуулгад дурдсан байв.
Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.” гэж, “18.5 Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, “18.6 3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.” гэж, “18.7 Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.” гэсэн заалтыг тус тус нэмж Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлсэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, төсөл санаачлагч нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүй гэж үзсэнийг дурдаад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувь нь дэмжсэн гэж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс нөхөн сэргээлт хийх шаардлагатай нийт газар нутгийн талаар судалгаа хийсэн эсэх, хуулийн төсөлд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах хугацааг хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай бий. 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 8 га талбайг нөхөн сэргээх асуудлыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийгээд ажиллаж байгааг онцлов. Мөн тэрбээр хуулийн төсөлд байгаль орчны төлөв байдлын мэдээллийг тусгаж, иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахтай холбоотой асуудлыг тухай бүрд нь мэдэгдэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг хугацаа зааж, хязгаарлаагүй гэв.
Ингээд хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Д.Адьшаа нар байр сууриа илэрхийлсний дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно гэв.
Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж. Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг гэх тоо баримт байдаг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж байна. Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн гэж төслийн танилцуулгад дурдсан байв.
Эдийн засгийн байнгын хороо уг тогтоолын төслийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.
Төсөл санаачлагч Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк, санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болгох, Ази-Европыг холбосон худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү, эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Ази-Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэнийг Ц.Цэрэнпунцаг гишүүн санал, дүгнэлтдээ дурдаад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гшүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ чөлөөт бүсийн 1000 га газрын бүтээн байгуулалтад төрийн оролцоо, дэмжлэгийг тодорхой төлөвлөсөн эсэх, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа хэр ахицтай байгааг тодруулж байлаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсрүү төрийн зарим байгууллагыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсонтой холбоотой төлөвлөгөөт ажлын талаар лавлав.
Ажлын хэсгийн зүгээс "Шинэ Зуунмод" хот болон Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нийт 31390.4 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 2010 онд 12 мянган га газар буюу нисэх буудлын орчмын газрыг Засгийн газрын 140, 2021 оны 307 дугаар тогтоолын дагуу 19390,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Барилга, хот байгуулалтын яам дээр байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн бадлаар 232 нэгж талбарын эзэмшигчийн эрхийг хүчингүй болгоод байна. Цаашид газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж хариулав. Мөн Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнээс гадна “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж ирэх 04 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Шинэ Зуунмод” хотын тодорхой бүс дээр төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлж, тэнд байх нэгдсэн зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.
Харин Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт хариултдаа, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудалд төр оролцоно гэдгийг тодотгоод олон улсын туршлагын дагуу нисэх буудлын давуу байдлыг ашиглан нарийвчилсан мастер болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гарган ажиллахаар тооцоолсон гэж байлаа.
Ингээд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн хэлэлцүүлэг хаалттай горимд шилжлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.