Цаг үеийн мэдээ

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа талаар түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч нар нь мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүний өмгөөлөгч хорих ангиас илгээсэн захидлыг уншиж танилцууллаа.

Захидалд “Монгол улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй. Тэмцлийн хэлбэрээ өлсгөлөнгийн хэлбэрээр зарлаж байна. Өлсгөлөн зарлах хугацаа нь хэвлэн нийтлэх болон захидал харилцааны хууль ёсны эрхээ сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. Монгол улсыг тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт орон мөн гэдгийг ойлгодог хүн бүхэн дэмжихийг уриалж байна. АН-ын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийнхнийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэж уриалж байна. Ардчилал эрх чөлөөний дуу хоолой болсон жиргээчиддээ  бас дэмжээрэй гэж уриалж байна. 

1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Колони орны сэтгэлгээтэй байгаа хүмүүс гутамшиг шүү. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины улсад амьдраагүй. Ийм гутамшигт нийгэм бий болохоос сэргийлж өөрийн итгэл үнэмшлээр эсэргүүцэл илэрхийлж өлсгөлөн зарлаж байна. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Үүний эсрэг тэмцээрэй. Засгийн газартаа хандаж уриалж байна. Энэ дайн сунжирвал хүмүүнлэгийн хямрал болно шүү. Гуравдагч хөршүүддээ хандаарай. Надад Путины түрэмгийллийг эсэргүүцэх 2 үндсэн шалтгаан байна. 

Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний тусгаар тогтнол эрсдэлд орно.

Хоёрт, Дайнаас бол манай эдийн засаг хүнд цохилтод орох болоод байна. Засгийн газар энхийг эрхэмлэх хэлэлцээрт уриалах ёстой. Засгийн газар эдийн засгийн аюулгүй байдлын арга хэмжээг авах ёстой.  Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. Ардчиллаа нураавал гэрээ нураана. Ардчилсан Монгол улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй гэж өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

Таны сурталчилгаа