Цаг үеийн мэдээ

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болох “Монголын эдийн засгийн чуулган”-ы урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн дор  өнөөдөр эхэллээ.  Яармаг дахь нийслэлийн засаг захиргааны шинэ байранд болж буй хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг  хэлэв.  Түүний хэлсэн үгийг бүхэн эхээр  нь  хүргэе.  

“Монгол Улс эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шийдлээ хүлээж буй  асуудлууд, чөдөр тушаа болж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн сэргэлтийн асуудлаар  санал бодлоо солилцох, үнэ цэнэтэй санал хэлэлцүүлэхээр цугласан Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амрыг эрье. 

Монгол Улсын Их хурал 2022 оны босгон дээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичгийн Хот хөдөөгийн сэргэлт бүлгийн цөм нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт гэж тодорхойлоод эдгээр ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. 

Хотыг хөгжүүлье, Төвлөрлийг задалъя, Түгжрэлийг бууруулъя гэвэл мэдээж хөдөөг хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй. Тиймдээ ч дагуул хотууд, аймгийн төвүүдийг хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, санхүү эдийн засгийн боломжийг бүрдүүлэх талаарх олон шийдлийг энд мөн танилцуулж, тал бүрээс хэлэлцэнэ гэдэгт найдаж байна. 

Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд Нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар урт болон дунд хугацааны бодлогуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бодлогын цөмд мэдээж хотын хөгжил, эдийн засгийн сэргэлт, шинэ суурьшлын бүс, дагуул хотуудын асуудал бий. Гэхдээ зөвхөн бодлого гаргаснаар асуудал өргөс авсан мэт шийдэгдэхгүй, харин гаргасан бодлогоо бодитой хэрэгжүүлж чадвал бид бүгд улсаараа нэг шат урагшилж чадна гэдгийг харин онцолж хэлмээр байна.

Том хотыг бага сэтгэж хөгжүүлэхгүй. 

Хот бол хүний жам ёсны эрхээ, эдийн засгийн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор эдлэх талбар байх ёстой!

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна.

Энэхүү меторполис хот руугаа чиглэсэн төвлөрөл-түгжрэлийг бид зөв төлөвлөлт, нэгдсэн бодлого, төр хувийн хэвшлийн түншлэл, үр дүнтэй төсөл арга хэмжээнд дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг хүлээх замаар шийдвэрлэх учиртай. 

Бидэнд бэрхшээл бий. Гэхдээ бид өнөөдөр бэрхшээл ярих гэж биш бодлого- гарц-шийдэл ярихаар цуглаад байна. Хотыг зөвхөн хотын захиргаа, хотын дарга,хотын хурал хөгжүүлэхгүй. Хотоо хотоороо, хотлоороо нийлээд хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь чухал. Бодитой судалгаа, нотолгоонд суурилсан, тодорхой түвшинд хамтын зөвшилцөлд хүрсэн, асуудлаа эрэмбэлж шийдвэрлэх гаргалгааг энэхүү хэлэлцүүлгээс тодорхойлж чадна гэдэгт итгэж байна. 

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь эрх зүйн дэмжлэг юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа энэ цаг үеийг бид мэдэрч, богино хугацаанд ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг хийх шаардлага байна.  Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.

Та бидний гаргасан шийдвэр-шийдэл бүр хотын иргэний өдөр тутмын ажил, амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээс хэмжигдэх учиртай.

Хэлэлцүүлгээс үр дүнтэй санал санаачилгууд гарч бодитойгоор хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон болон хэлэлцүүлэгт уригдсан зочид, модератор, панелистууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье. 

Таны сурталчилгаа