Цаг үеийн мэдээ

Олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудаар цацагдсан “Нууц материалууд 2, Төрийн өндөрлөгүүдийн тонуул” нэртэй нэвтрүүлэгтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас няцаалт, мэдэгдэл гаргажээ. 

НЯЦААЛТ, МЭДЭГДЭЛ-д

2022 оны гуравдугаар сарын 28-ны өдөр “Nuuts.mn” мэдээллийн сайт болон “Budragchaa Serdamba” цахим хуудсуудаар “Нууц материалууд 2, Төрийн өндөрлөгүүдийн тонуул” нэртэй нэвтрүүлэг цацагдсан байна. 

Уг нэвтрүүлэг нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг ноцтой гэмт хэрэгт холбогдуулсан, гүтгэлгийн шинжтэй байх тул дараах няцаалтыг гаргаж байна. 

Монгол Улсын Их Хурлаас монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, түүний үр өгөөж нь монгол хүний сайн сайхан, Монгол эх орны маань хөгжил дэвшилд зориулагдах ёстой гэсэн үзэл баримтлалыг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан билээ. 

Энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд хууль ёсыг хуйвалдан завхруулах замаар, дотоод, гадаадын олигархи бүлэглэлийн гартаа оруулсан баялгийг Монголдоо, Монгол хүнд, Монголын төрд эргүүлэн авах шударга ёсны тэмцэл өрнөж, Асгатын, Ноён уулын, Хармагтайн, Гутайн давааны гээд цөөнгүй орд газрыг ард түмнийхээ мэдэлд буцааж авсан.

Үүний нэг жишээ нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит нэртэй 2887 га талбай бүхий Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гаднын иргэд хууль бусаар эзэмшиж, Монгол Улсын Татварын болон холбогдох олон хууль дүрмийг илт зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хураан авсан үйл ажиллагаа юм. 

Улмаар Монгол Улсын Их Хурал Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сард баталж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган ахмад настны 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадууддаа 1.0 сая төгрөгийн нөхөх олговор олгосон. 

Гэтэл Салхитын ордын тусгай зөвшөөрлийг булаацалдаж, түүнд эзэн суух атгаг санаархлаа хэрэгжүүлэхийн тулд авлигын гэмт хэрэг үйлдсэн нь гурван шатны шүүхээр нотлогдсон этгээдүүд шударга ёс, хуулийн засаглал тогтоож, баялагтаа монгол хүн эзэн байх зарчмыг хэрэгжүүлсэн Монгол төрийн бодлого, үйл ажиллагааг үгүйсгэж, энэ ухвар мөчид зорилгодоо Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг холбогдуулан, гэмт хэрэгт шууд гүтгэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан цацсанд харамсаж байна.

Энэхүү мэдээлэл үнэнд огт нийцэхгүй гэдгийг үүгээр няцааж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн үйлдлийг Авлигатай тэмцэх газар, бусад холбогдох байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр

Таны сурталчилгаа