Улсын дээд шүүхийн шийдвэр С.Эрдэнийн талд эцэслэн гарсан нь Ардчилсан намын их эвдрэл талцалд сүүлчийн цэгийг хатгасангүй. Ардчилсан намын албан ёсны хуваагдлын эхлэлийн цэгийг тавилаа. Албан бус талд Х.Баттулга, Ж.Батсуурь нар намын даргад өрсөлдөөд, сунгаанд ороогүй албан ёсны талын С.Эрдэнэ ялж орхилоо. С.Эрдэнийн талын мэдүүлсэн дүрмийг баталсан нь тамгагүй талын сунгааг хүчингүй болгочихож байгаа хэрэг юм. Гэвч Женко хүчинтэй тамгатай, шүүхээр эцэслэн баталсан дүрэмтэй юм гээд С.Эрдэнэд өвдөг сөхрөхгүй. Тэртусмаа С.Эрдэнийг хөзөр болгож шидээд, алсаас покер тоглож суугаа Ц.Элбэгдоржид ахиж гүлдийтлээ загнуулж, толгой бөхийх жижиг гарын хулгар ч биш. Ж.Батсуурийн хэлснээр АН-ын фракциуд, Монгол Улсын 4 дэх, 5 дахь Ерөнхийлөгч нар нэгэн дээвэр дор багтахгүй, хамтдаа зургаа ч авахуулж чадахгүй хүмүүс. АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ, З.Энхболд, Н.Алтанхуяг, “фортуна” Н.Батбаярын гэсэн үндсэн 6 фракцид хуваагдаж байгаа боловч хоёр экс Ерөнхийлөгчийн толгойлсон хоёр фронт болон хоорондоо тулалдаж байна. Өш хонзонгоор ухаан санаагаа дүүргээд, үхэх сэхэх, орших, эс оршихоо үзэж буй. Иргэний дайнд нь гишүүд нь үрэгдэж, үзэл санаа, үнэт зүйлс нь нурж байна.
АН-аас нэр дэвшин, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Ерөнхийлөгч болж явсан энэ хоёр хүн Тавантолгойн нүүрс, төмөр зам, уул уурхайн баялаг, төрийн өмч хөрөнгийг булаалдан, эгнэгт зам салсныг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Хууль шүүхийн хонгилын түлхүүрийг ээлжлэн гартаа эргүүлж, булаалдаж явсан экс Еөкүүд АН гэдэг улс төрийн хоргодох байрны хаалга цоожны төлөө яг одоо ясаа цайтал алалцаж байна. Хоёулантай нь дундаа түрийвчтэй, касс нэгтэй Худалдаа, хөгжлийн банкны “сахал” Д.Эрдэнэбилэг ч эвлүүлэх гэж хэдэн удаа оролдоод чадаагүй юм.
Хөгжлийн банкны 1,8 их наяд төгрөгийн өр зээлийн баримт илэрснээр хэн хэн нь хоргодох байрны ганц хоймрыг эзлэхийн төлөө үхэх сэхэхээ үзэхээс өөр аргагүй байдалд орсон.
Хөгжлийн банкны өр гэдэг нь гаднаас босгосон бондуудын мөнгө. Бондуудын мөнгө гэдэг нь Х.Баттулгын хурууны хээ, гарын үсэг нь зурайж үлдсэн төмөр замын 280 сая доллар, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дээрэм, МоАХ-ны газар дээр “Буман залуус” хороолол бариулсан “Пирамид-Орд” компанийн 23,2 тэрбумын өр, зөвлөх Ц.Ууганбаярынх нь холбогдсон “Шинэ Яармаг” хорооллын Хөгжлийн банкин дахь 117 тэрбумын чанаргүй зээл гэх мэт ноцтой зузаан баримтууд цувардаг.
Ц.Элбэгдорж бондоос бондойж, хүзүүгээ шигдтэл таргалж, тосолсон гутлынхаа мөрийг палийтал үлдээснээрээ Х.Баттулгаас нэг доллараар ч дутахгүй. Бондын бодлогын зөвлөл гэгч хууль бус нэгжийг Н.Алтанхуягийг дарамтлан байгуулж, ҮАБЗ-ийн зөвлөмж гаргуулж, хэнд хэдэн төгрөгийн зээл олгохыг шийдүүлж, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан, Хөгжлийн банкыг тоносон, улсад 1,1 их наяд төгрөгийн өртэй ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн схемийн улс төрийн ивээгч болж, АСЕМ нэрээр 275 тэрбумыг салхинд хийсгэсэн нууцууд нь ар араасаа илэрч байна. Хоёулаа Хөгжлийн банкны өр, бонд гэдэг хоолой дээрээ тавиулсан хутгатай учраас орондоо ч унтаж чадахгүй озолдон байлдаж байгаа.
Хорин таван жил андалж яваад хонь чоно болсон хоёр экс Еөк одоо “Би үхэхээр чи үх!” гэгчээр АН гэдэг хоргодох байрны төлөө уралцаж байна. Экс хоёр “эв нэгдлийн бэлгэ тэмдэг”-ийн алалдаанд АН үрэгдээд зогсохгүй, Монгол орон ч хохирдог. Төр тэргүүлж явсан хүмүүс гэхэд ноён нуруугүй, буур суурьгүй нь Украин-Оросын дайнаар илэрч харагдана.
Ц.Элбэгдорж Украиныг өмөөрөгч болон жүжиглэж, олон улсын хурал цуглаанд Путиныг шүлсээ үсэргэн муулж, ядарсан улс орондоо гай дуудаж байна. Муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр улс төрийн оноо авах нь л чухал болохоос төр тэргүүлж явснаа санаж, улс орноо бодох оюун сэтгэл Ц.Элбэгдоржид хумсын чинээ ч байхгүй. Украины ардчилалд хайртайдаа биш Женког л Оросын гар хөл гэж хатгахдаа гай дуудаж байгаа нь тэр.
Х.Баттулга нь Хятадын зах зээлийн төлөөх нүүрсний экспорт дээр Монголоо ялагдуулж, Оросыг ялуулж, эдийн засгаа 3-4 дахин тэлэх боломжийг алдуулж, цэргийн эвсэл ШХАБ- д элсэхийг санаархах мэтийн улс төр хийж ирсэн хүн. Өнөөдөр тонн нүүрс 400 доллар хүрч үнэ нь өссөн ч өдөрт 120 машинаар зөөж байгаа Монголд валют олдохгүй байгаа нь Х.Баттулгын 10 жилийн ажлын үр дүн. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгийн үнэр ч байхгүй энэ хоёр экс хойд урд хоёр хөршийн талаар хэт туйлшрагчид, ард түмнээ хагалан бутаргагчид. Шулуухан хэлэхэд, аль аль нь эвийг сахиулагчид бус сэвийг таригчид. Эв эе дээр биш сэв хагарал дээр улс төрийн ашиг хонжоо ологсод.
Тамгатай, тамгагүй АН-ын тоглоомын сэдвээ эргэн сөхье. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр Х.Баттулгын хувьд гэнэтийн бэлэг огт биш. Ц.Оюунгэрэл энэ оны 1 дүгээр сарын 7-нд Иргэний оролцооны намыг бүртгүүлж чадаагүйдээ Ц.Элбэгдоржийг шууд нэрлэн буруутгасан. Ц.Элбэгдорж хариуг нь барьж, эртний дарга, цэрэг хоёр сошлоор муу муухайгаа дуудалцсан. Ц.Элбэгдоржийн туслах, зөвлөхөөр 20 гаруй жил ажилласан Ц.Оюунгэрэл шүүгчдийн томилгоог нь нэвт мэднэ. Экс дарга, цэрэг хоёрын хэрүүлээр Ц.Элбэгдорж хууль, шүүхийн нөлөөгөө хадгалсаар байгаа нь илэрч байгаа юм. Тэгэхээр Х.Баттулгад давхар мэх, нөөц төлөвлөгөө анхнаасаа байсан гэсэн үг. Тролл арми, түрэмгий мояачуудын хүчээр Х.Баттулгыг барахгүйгээ мэдэх учир Ц.Элбэгдорж ч өөрийн нөөц төлөвлөгөөг боловсруулсан. Х.Баттулгын төлөвлөгөө бол Ардчилсан нам дотор ялагдлаа ч Ардчилсан намыг өөрийг нь ялах схем юм. Улс төрийг уншчихдаг хүмүүс төвөггүй таамаглаж байсан төлөвлөгөө нь ч ил боллоо. Женко хүчин төгөлдөр тамга тэмдэггүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, дүрмийг нь шүүх хүлээн зөвшөөрөөгүй, дэнчингийн 500 сая төгрөг нь хүртэл хувь хүний дансанд орж байгаа албан бус талын сунгаанд хэдэн тэрбумаар шатах гэнэн цагаан хүн биш. АН-ыг задалж, өөрийн АН-ыг тастан байгуулах төлөвлөгөөгөө дүрмийн бус сунгааг ашиглан ажил хэрэг болгож чадлаа. 21 аймаг, 9 дүүрэгт очиж, АН-ын гишүүдээр алга ташуулж, нэр хүндээ өсгөлөө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүрших тусам АН дахь дэмжигчдээрээ өмөөрүүлж өрөвдүүлж, нэгтгэж нягтруулж авлаа. Тэтгэврийн зээл тэглэсэн, улс орноо зарах гэж байсан эрлийз хурлийзуудыг зогсоосон, Монгол ялсан, Хөх монгол ялна…Х.Баттулгын өөрийн хувийн ЖАН-ыг АН-аас салган тастаж байгуулах төлөвлөгөө. Төсөв нь 10 тэрбум орчим. Аймаг, дүүргийн намын дарга нарт 100 сая төгрөг, намын хорооны гишүүд, ойр хавьдаа нөлөөтэй гэж үзсэн хүмүүст 5 сая төгрөг өгч байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 50-150 сая төгрөг санал болгосон. Өлсөж байсан тролл арми нь ханцуй шамлан ажилдаа орсон. Төмөр зам, бондууд, төрийн үйлдвэрүүдийн хууль бус концесс, хувьчлалын ашиг, Хөгжлийн банкинд МоАХ, туслах зөвлөхийнхөө нэрээр авсан төлөөгүй өрүүд гээд Х.Баттулгын ЖАН-д юу байна, мөнгө л байна. Аймаг, дүүрэг, хороодод томилсон баг нь намын гишүүдийг хайрцаглаад, хавтаслаад явсан. Х.Баттулгын гар дээр одоо өөрийн “Шиндлерийн бүртгэл” бэлэн. Хайрцганд оруулсан хүмүүс нь сунгааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг газар бүр элэглэж, гутаасан нь чухал биш. Хамгийн гол нууц нь Х.Баттулга АН-ын гишүүдийн өөрийг нь баттай дагах бүртгэл, нэрсийн зузаан жагсаалттай болж авсанд оршино. “Шиндлерийн бүртгэл” яагаад хэрэгтэй вэ гэж үү? Х.Баттулга Иргэний зориг, ногоон намыг худалдаад авчихсан байна гэдэг мэдээ гараад байгаатай шууд холбоотой. АН-аас тасалсан гинжээ өөрийн болгосон ИЗНН руу нүүлгэн залгаад, МоАХ-ны нэрийг өгнө. Сонгуулийн саналын хуудасны дээрээсээ 3 дугаарт Монгол Ардчилсан Холбоо Нам гэж бичигдэнэ. Ардчилсан намын араас Ардчилсан холбоо нам гээд бичээтэй байх хүчтэй санагдахгүй байна уу? Ардчилсан холбоо нам нь Ардчилсан намын хүчтэй хуваагч нь болно. МАН, МАХН гэж 2012 онд үүссэн шиг АН, АХН гэж гарна. М үсгээрээ л өөрөө болохоос МАН ба МАХН-аас АН ба АХН ялгаагүй.
Түүх давтагддаг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж байсан бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга АХН-ыг бүртгүүлнэ. Харин Х.Баттулга МоАХ нам гэдэг нөөц хувилбартаа шууд шилжихгүй. АН-аас аль болох олон хүн, аль болох ихийг тастан авахын төлөө тултал ажиллана. Монголыг тойрохдоо бэлтгэж, цэнэглэж хайрцаглаж авсан ЖАН армиа Сүхбаатарын талбай дээр өнөө маргаашгүй гаргаж ирнэ. Улсын дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн, сунгааг хүлээн зөвшөөрөхийг шаардсан, ковидын нөлөө, дэлхий дахины хямрал, хил, гаалийн хязгаарлалт, инфляц зэрэгт эрх баригч МАН-ыг буруутгасан цуглаан, хуурай, нойтон өлсгөлөн зохион байгуулж, хаврын улс төрд хавсарга шуурга тавина. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх гэдгийг Х.Баттулга сайн мэднэ, эгэл жирийн гишүүдийнхээ уур унтууг өдөөж, гал дээр тос нэмэх нь л түүний зорилго. Ингэж галын бэлтгэл хангалттай хийснийхээ дараа аргагүй байдалд орсон маягаар АН-ын аль болох олон гишүүнийг бөөнөөр нь хамж, МоАХ гэдэг намыг бүртгүүлэхээр хөдөлнө. Өмчилж авсан ИЗНН-ын гэрчилгээн дээр МоАХ-ны нэрийг бичүүлнэ. Ингээд 2024 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга МоАХ гэдэг өөрийн намыг толгойлж орно. АН-ыг хүчтэй хуваана, бүр давж гарах магадлал өндөр. “Голомт”-ын Д.Баясгалан АН-ын С.Зоригийн хөшөөтэй байрыг газартай нь цуг Шинэ дэвшилт холбооноос худалдаж авсан. Тэнд Х.Баттулгын МоАХ нам байрлана. С.Зоригийн хөшөө хүртэл Женкогийнх болсон. Ингээд АН хоёр тал еэвэн болно. Нэг тал еэвэн нь Ц.Элбэгдоржид, нөгөө тал еэвэн нь Х.Баттулгын алган дээр тавигдана. Х.Баттулга хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд сонгуульд орох амбицтай. Женкод мояачуудын арми, саяхан цэнэглэгдсэн АН-ын жин дарах бүлэг бий. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёр өөр дүрээр намаа барихгүй бол хууль, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр ч гэлээ нэр хүнд гэж авах юм алга. Гагцхүү Женко гэдэг нэг хөл нь шоронгийн босгон дээр байгаа хүн нөгөө хөлөөрөө ордонд орж амжих уу? л гэдэг байна. 2017 онд шоронд ордгийн даваан дээр амжиж ордонд орсон. 2024 онд яахыг харах л үлдлээ.
Х.Баттулга МоАХ-ыг АН-аас тастан нам болгон өрх тусгаарлахаа эртнээс төлөвлөж, шинэчилсэн бүртгэлээр Х.Баттулга гэдэг ганц гишүүнтэй, Х.Баттулга гэдэг ганц үүсгэн байгуулагчтай болгож авсан нь ийм шалтгаантай. МоАХ-ыг, өөрөөр хэлбэл өөрийгөө Монгол Улсын баатар цолоор шагнасан. “Монгол Улсын баатар МоАХ нам” сүртэй бөгөөд хүчтэй. Энэ нүүдлийг нь Ц.Элбэгдорж үнэрлэж шиншлээд, Д.Монголхүүг сумлан тавьж, Д.Сосорбарамыг халамжлан хүмүүжүүлэгчээр нь томилоод, МоАХ-ны тамгыг булаалдаж, хурал чуулган хийлгэсэн. МоАХ-ны дарга нь Монголхүү байх уу юу, Орос хүргэн байг уу? гэсэн хорон үгийг хошгируулж чаддаг хүн л бичиж чадна. Гэхдээ Ц.Элбэгдорж МоАХ-руу довтлохдоо хоцорч хөдөлсөн байж мэдэх ч мөнгөөр Х.Баттулгаас илүү юу гэхээс дутуугүй. “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг толгойтой, санхүүгийн сүлжээний хамгийн том хувь эзэмшигч бол Ц.Элбэгдорж.
Х.Баттулгыг АН-ын хар массын жинтэй хэсэг дагана. Женко рейтингээр Ц.Элбэгдоржоос илүү, С.Эрдэнийг бүр үсгүй арчиж хаяхаас гадна МоАХ гэдэг нэр АН-ын хатуу фанат хэсгийн хувьд ид шидтэй. З.Энхболд жижиг фракцтайгаа дагаад нүүнэ. Харин Н.Алтанхуяг эргэлзээтэй. Хар ухаантай, зальтай хүн. Х.Баттулгын нөмөр одоо өөрт нь нэмэр биш нэрмээс болно. Үгүй гэхээр Ц.Элбэгдоржид бууж өгөх болчихоод ацан шалаанд орж, хүнд бодлого бодох болно. Н.Алтанхуягт хүмүүс анзаардаггүй болохоос Ардчилал шинэчлэлийн нам ч бил үү, “улс төрийн хүчин” ширэн цүнхэнд нь бэлэн. Чингис, Самурай зэрэг 2 тэрбум долларын бондоор жонглер тоглосон Н.Алтанхуяг, фортуна Н.Батбаяр хоёрт улс төрийн үзэл санаа огт падлийгүй, хар амиа бодох зөн совингоо л дагана. Э.Бат-Үүл монгол Путлерыг дагаснаас үхсэн нь дээр гэж үзнэ. Тамгагүй, шүүхийн шийдвэргүй, албан бус талд орж, Х.Баттулгатай дүрмийн биш сунгаанд үзсэн 70-аад оныхон ахиад л ах нартаа мад тавиулж, дахиад л золионд явлаа.
Ц.Элбэгдоржид базуулдгаараа базуулж тамгатай, дүрмээ батлуулсан талаа налахаас өөр сонголт үгүй. Тэднийг одоо та нарын цаг болсон, 50 гартлаа ах нартаа дарууллаа энэ тэр гэж Ц.Элбэгдорж л хошгируулж байгаад чадвал Х.Баттулгыг нухаг гэж тооцсон. Нөгөөдүүл нь барахгүй нь бараг тодорхой тул тэдний гараар Х.Баттулгын нэр хүндэд нэлээн хохирол учруулж аваад, Ц.Элбэгдорж гэдэг муур ах нь давхар тоглоом тоглосон. Хоёр талд хоёуланд нь гар хөлтэй учраас Ц.Элбэгдорж зуучлан холбож, Женкод ялагдсан Ж.Батсуурь нарыг шордоно.
С.Эрдэнийн талын генсек Ч.Өнөрбаяр нь Н.Энхбаярыг оймстой нь ачиж, гэрийн даалгавраа биелүүлээд АТГ-ын ажилтнаас Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болж дэвшсэн. О.Цогтгэрэлийн буюу тамгагүй, гэрчилгээгүй, батлагдсан дүрэмгүй талын генсек нь БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр. Нэг Ардчилал буюу 1А ангийнхан гэж гоочлуулдаг 70-аад оныхон Ц.Элбэгдоржийн ивээл дор явж ирсэн. Тэд дундаасаа Ж.Батсуурийг дэвшүүлж, бусад нь санал хуваахгүй гэж нэрээ татсаныг Ц.Элбэгдорж найруулсан юм. Мүүнчин, “сайн ах”, тагнуул гэх зэргээр Х.Баттулгад өвчүүлж, цоллуулж явсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, сунгаагаар шоглуулсан Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар суганд нь үлдэхгүй. “Өрсөлдөгч маань мөнгөөр гишүүдийг хайрцаглаж байгаа, Х.Баттулга ялбал бусад фракциуд хэзээ ч зөвшөөрөхгүй, бутарсан намаа буцааж эвлэрүүлнэ, би Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, З.Энхболд, хэнтэй нь ч дарга аа, ах аа, гээд уулзах нүүртэй, ямар ч фракцид хамаардаггүй” гэж Ж.Батсуурь ухуулаад явсан нь учиртай. Ж.Батсуурь тамгатай талдаа ирээд, хууль ёсны даргын сунгаанд нэр дэвших хувилбар нэлээн бодитой. Ж.Батсуурь тамгагүй талдаа ялагдсан ч ядаж 40 хувь авч, онигоонд ороод үлдэхгүйг л бодож байгаа. Х.Баттулга үзэл санааг өнгө мөнгөөр худалдаж авсан, сунгаа шударга бус боллоо гэж мэдэгдээд чадвал 40 хувиа чирээд, тамгатай талдаа шилжиж ирнэ гэсэн үг.
С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн шийдвэрийг гардаж аваад хийлгэсэн мэдэгдэлдээ “Нам байгуулах нь хүний эрх” гэж дуугарсан нь Х.Баттулгын МоАХ нам байгуулах сценарийг мэдэж буйгаа хэлчихсэн хэрэг юм. Х.Тэмүүжин сунгаа эхэлсэн өдөр “АН одоо жинхнээсээ бодитойгоороо хагарна” гэж жиргэсэн нь эрэгтэй монгол Ванга гэсэн үг биш. Х.Баттулгын ч, Ц.Элбэгдоржийн ч төлөвлөгөөг мэдэж байсан. Хуульч учраас шүүхийн процессыг тааварласан байх.
Ийнхүү хоёр экс Ерөнхийлөгчийн хоорондын дажин АН-ыг бүтэн жил хагасын тулд албан бусаар хоёр хуваасны эцэст албан ёсоор хоёр хувааснаар дууслаа. Албан бус талцал дуусч, албан ёсны хуваагдал эхлэв. Намын гишүүд нь Ц.Элбэгдорж далдуур залах АН-даа үлдэх үү, Х.Баттулгын ил удирдах АХН руу нүүх үү? гэдэг салаа замын уулзвар дээр салам хэрэлдээд зогсож байна. АН угаасаа л 5 фракцийн зөрчил дээр үүссэн, үзэл баримтлал, үнэт зүйл дээр дээр суурилаагүй, цөөн хэдэн хүн дагасан бүлэглэлүүдээс бүрдсэн, МАН-ын эсрэг механик нэгдэл байсан юм. Яаж эхэлнэ, яг тэгж л дуусна. Баяртай, нэгдсэн АН.