Хөгжлийн банкны хэргээр холбогдох нөхдүүдийг баривчлахтай зэрэгцээд О.Цогтгэрэлийн АН-аас даргын сунгаа зарласан. Өрсөлдөөнд Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцсон.
Ингэснээр АН-ынхан үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдсан. Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч нар ийн АН-ын эрхийн төлөө хүч үзсэн.
Харин 2022 оны гуравдугаар сарын 31-ний Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, АН-ыг Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэв. Ингээд Дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ АН-ын дарга гэдгийг Дээд шүүх баталгаажуулсан юм. Үүний дараа “...Ц.Элбэгдорж хилийн чанадаас хүчээ үзүүллээ” гэх яриа улс төрийн хүрээ, АН-ынхны дунд тарсан.
Тэгвэл дөнгөж саяхан АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурь олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр “...Миний бие 2022 онд зарлагдсан АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж, Монгол орноо нар зөв бүтэн тойрон, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 1500 гаруй баг, хороодын Ардчилсан намын төлөөлөл болох 15000 гаруй гишүүдтэйгээ уулзалт хийж, “Булаалгасан боломжоо буцаан авчрах”, "Хүчирхэг ардчиллыг дахин бүтээх" мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажиллалаа.
...Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ.
Бид 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дүрмийн дагуу сунгаанд оролцож буйг та бүхэн мэдэж байгаа.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл АН-ын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй.
Иймд миний бие АН-ын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Харин түүний өрсөлдөгч Х.Баттулга өчигдөр цахим хуудастаа “...Монгол Улсын хууль, АН-ын дүрэм болоод бидний сонгон төгөлдөржүүлж буй ардчилсан нийгмийн үнэт зүйлд тулгуурласан намын даргын сунгааны сурталчилгаа өндөрлөж байна. Улс даяар уулзан учирч эв зүйг эрхэмлэсэн АН-ын мянга мянган гишүүддээ талархал илэрхийлье. Товлосон өдөр, тогтсон цагтаа сонголтоо хийгээрэй” гэсэн байна.
Гэхдээ мань хүний тухайд Дээд шүүхийн шийдвэрийн дараа улс төрийн өөр алхам хийх шийдвэрийг гаргажээ. Х.Баттулга маргааш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд санал хураалтад ёс болгож оролцох юм байна. Гэхдээ дараа нь АН-ын үндсэн суурь дээр Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нэртэй нам байгуулахаар болжээ. Үүнийг П.Нүрзэд, н.Батдаваа, Ц.Туваан нартай ярилцаж шийджээ.
Б.БАЯР