Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсны дараа хэвлэл мэдээлэл олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрээр Хөгжлийн банкны тухай асуусан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: " Хөгжлийн банк 2011 оны 2 сарын 10-ны өдөр байгуулагдсан. Гол зорилго нь экспортыг дэмжих импортыг орлуулах томоохон төслүүдийг хөдөлгөх зорилготой байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл манай Монгол улсын эксим банк гэсэн үг. Энэ банк байгуулагдаад Чингис бонд 1.5 тэрбум доллар, Самурай бонд 30 тэрбум иэн, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам долларыг босгосон. Ингээд хөгжлийн банканд мөнгө төвлөрөөд ирэнгүүт 2012 оны 12 сарын 15-ны Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор бодлогын зөвлөл гэж байгуулсан. Энэ бодлогын зөвлөл мэргэжлийн ТУЗ байхгүй тэнд ажиллаж байсан гадны мэргэжилтэнгүүдийг үндсэндээ явуулсан. Улс төрчид Хөгждийн банкны ТУЗ-д өөрсдөө ороод хуваагаад авсан гэсэн үг. ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд нь байгаад бүх сайд нь ороод мэргэжлийн байгууллагуудынхаа үгийг сонсоогүй. Энэ зээлийг тэр компанид өг, энэ зээлийг тэр гишүүнд өг, энэ зээлийг тэр банкны захиралд өг гэдэг ийм схемруу орсон. Шулуухан хэлэхэд Эрдэнэтийн 49, Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой энэ бүлэглэл Хөгжлийн банкан дээр ч гэсэн ажилласан. Хөгжлийн банктай холбоотой өнөөдөр 3.2 их наяд төгрөгний 1.8 орчим их наяд нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Тэрэн дотор Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 орчим сая доллар дээр орсон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь тэд нарыг дэмжсэн хууль хяналтын байгууллага, нэр бүхий шүүгчид байгаа. Энэ схем яг Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Та бүхэнд Б.Баттөмөр гишүүний зарласан тэр 20-иод хүн мөсөн уулын орой гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана нэр бүхий томоохон улс төрчид, нэр бүхий томоохон бизнесменүүд тэдний зүгээс сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болгосон улс төрчид араас нь гарч ирнэ. Энэ өөрөө амар биш. Тийм ч учраас удаашралтай явж байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад эхний хэдэн хүмүүс дээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад Хөтөлийг хураагаад авахад хэн хэн хамгийн цочиж байна тэр бүх хүмүүс энэний ард байгаа гэж ойлгоорой. Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Хууль хяналтын байгуллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Тиймээс хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.