Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар Ардчилсан намын нэрээр бөхийн барилдаан зохион байгуулж буй нь хууль бус үйлдэл хэмээн өчигдөр С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам мэдэгдэл гаргасан. Тухайн асуудлаар МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа. 

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав: "Монголын Үндэсний бөхийн холбоонд 3 сарын 10-ны өдөр Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очирын албан тоот ирсэн. Бөхийн барилдааныг хамтарч зохион байгуулъя гэдэг. Монголын Үндэсний бөхийн холбооны ажил үүргийн гол хуваарь бол бөхийн барилдаан зохион байгуулах. Үүнийг иргэн, хуулийн этгээд хэн ч  хамтарч зохион байгуулах боломжтой. Ардчилсан намд үүсээд байгаа 2 талын маргааныг бид тогтоох субъект биш. Бөхийн барилдааныг бол гэрээ хийгээд захиалга ирсэн дариуд манайх хуваарьтаа оруулаад явдаг. 

Барилдаан зохион байгуулах хүсэлт өгсөн Хэрэг эрхлэх газрын даргын Б.Ган-Очир дараа  н.Чадраабал гэж Ардчилсан намын гишүүн утсаар холбогдсон юм билээ. Тухайн гишүүн рүү манай ажлын албаныхан бүгд байлцаад танай хэрэг эрхлэх газраас бичиг ирсэн байна, барилдаан хийх үү гэхэд энэ удаадаа бид жаахан харзнаж байгаа гэсэн зүйл хэлсэн. 

МҮБХ тухайн газрын тамганы учрыг мэдэхгүй, алба нь зөв бурууг тогтоох байгууллага биш учраас тамгатайгаа ирээд гэрээ хийгээд явсан газартай бөхийн барилдаан зохион байгуулна гээд үндсэн ажил үүргийн хуваарийн дагуу барилдааны гэрээг хийсэн. Хуваарь ёсоор маргааш 256 бөхийн барилдаан болно. 

Ташрамд хэлэхэд Холбооны зүгээс маргалдагч 2 тал байгаа бол хоёулаа барилдаанаа хийгээч ээ гэдэг саналыг хэлж байгаа. Хамтраад хийж болно. Тус тусдаа хийж болно. Энэ бол нээлттэй" гэлээ.  

Таны сурталчилгаа