Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар өнөөдөр (2022.04.08) Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 

     Ажлын хэсэг  байгуулагдсан даруйдаа анхны хуралдаанаа хийсэн бөгөөд энэ талаараа болон цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

  Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х. Булгантуяа, 12 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханган нийлүүлэлт нь хоцролт, үнийн хөөрөгдөл үүсээд байгаа нөхцөл байдалд арга хэмжээ авах, шаардлагатай хууль, тогтоолын төслийг өргөн барьж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг, чиглэлийг өгснийг тодотгоод Засгийн газраас энэ долоо хоногт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, бэлтгэл ажлыг хангана гэж байлаа. Мөн Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана гэж байлаа. 

    Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаанаас болоод урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэж байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсныг Х.Булгантуяа гишүүн мэдээлэлдээ тодотгосон. 

    Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ, Улсын Их Хурлын даргын зүгээс төсөвт тодотгол хийж, хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийн даван туулна гэсэн чиглэл өгснийг онцлоод Ажлын хэсгийн зүгээс 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарим шаардлагагүй төсвийн зарлагуудыг танах, төрийн өмчит компаниудад чиглэл өгөх, холбогдох яам, агентлагуудын бүрэлдэхүүнтэйгээр дэд ажлын хэсгийг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байгааг дурдлаа. 

    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр монгол валютын хоёр ханштай байгааг дурдаад Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 9 хувьтай болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж, валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож, Монгол Улс дахин нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан тал буйг мэдэгдсэн. 

    Мөн тэрбээр, жагсаал цуглаан хийж байгаа залуучуудыг та бид ажигласан. Залуучуудын зүгээс Та нар ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн бодлогын арга хэмжээтэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай байна гэв. 

   Түүнчлэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстойг тодотгоод мөнгөний болон төвсийн бодлогоо зэрэг явуулахаар болсныг мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг мөнгө хэвлэхгүйгээр үүссэн асуудлыг шийдэхээр хуульд өөрчлөлт оруулж байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн тэмдэглээд Засгийн газрын зүгээс УИХ-аар шийдүүлж зарим нэг эрх мэдэл авах асуудлыг нарийвчлан судалж, тодорхой болгох, мөнгөний болон төсвийн бодлогоо зөв болгох чиглэлээр Ажлын хэсэг ажиллана гэсэн юм.  

    Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ эхэнд он гараад манай улсын валютын нөөц нэг тэрбум ам, доллароор буурсны шалтгаан валютын орох урсгал багассан ч, гарах урсгал саараагүйтэй холбоотой. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хямралын өмнөх үед ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

    Тэрбээр, бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ энэхүү хоёр сонголтоос миний хувьд сүүлийнхийг нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг хэмээн тайлбарлав.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, бодлогын дээрх гурван арга хэмжээг авсны даргаа шаардлагатай бол тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүй гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас гарах урсгалыг хаана. Энэхүү дөрвөн цогц бодлогыг авч хэрэгжүүлэн дампуурахгүй байх нөхцөлөө бий болгосны дараа Засгийн газар вальютын урсгалаа нэмэгдүүлэх, тогтворжуулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэв.

    Ажлын хэсгийн гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ төгсгөлд бидний хувьд эхлээд хориглолтын арга хэмжээг аваад, Монгол Улс дампуурахгүй гэдгээ дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зарлах ёстой. Энэ хүнд сэдэв. Мөнгөний хатуу бодлого явуулахаар бизнесийн орчин муудах хэдий ч үүнийг ойлгож, тэвчээртэй хандахыг олон нийтээсээ хүсэж байна гэв.

    Мэдээллийн дараа Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Таны сурталчилгаа