Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2022.04.11/ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж өнгөрсөн 2 хоногт болсон жагсаалын нөхцөл байдлын талаар, ард иргэдийн тавьсан шаардлагын талаар ярилцсан.
Бид ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг байдалтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч би 2 удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн асуудал, бензин шатахууны асуудал гээд холбогдох асуудлууд дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Чухал мэдээлэл өгч байгаа шүү гэдгээ та бүхэнд сануулж хэлж байсан. Ажлаа сайн хий гээд сануулж хэлээд байтал өнөөдрийн ийм нөхцөл байдалд бид нар тулж байна. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахалтай 2 жил тэмцлээ. Орос, Украины асуудлууд үүссэн. Сүүлийн 1 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын түүхий тосны үнэ 2 дахин, үндэсний бүтээгдэхүүн ялангуяа үр тариа, мах, ургамалын тосны үнэ 30-40 хувиар нэмэгдсэн.
УИХ, Засгийн газар ажлаа сайтар нягталж, харилцан уялдаа холбоотой сайжруул. Хурдан шуурхай арга хэмжээ ав. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий. Ор нэр төдий биш, дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүчний, шатахууны үнийн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний, мах, гурил, төмс хүнсний ногоо гээд асуудлууд байна. Энэ асуудлууд дээр онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Энэ хавар тариалалтыг маш сайжруулах хэрэгтэй. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотооддоо хүнснийхээ хэрэгцээг бүрэн хангадаг улс болох шаардлагатай байна. Энэ 2 жилийн хугацаанд бидэнд маш сайн ойлгууллаа. Нэн ялангуяа хүнснийхээ хэрэгцээг дотооддоо хангах явдал бол маш чухал юм. Өөрсдийн гэсэн нефть шатахуунтай, эрчим хүчний эх үүсвэртэй байх нь маш чухал юм гэдгийг харуулж байна. Монгол улс эдийн засгийн хараат бус бие дааж амьдарч чадах хэмжээний ийм улс орныг л бид барьж байгуулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэдгийг цар тахлын үйл явдлууд ч харууллаа. Дайн тулааны үйл явдлууд ч харууллаа.
Сэтгэл гаргаж ажилла. Зориг гарга. Шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Үүнийгээ өнөөдөр та бүхэн ярилц. Маш тодорхой ярих хэрэгтэй. Асуудлуудыг маш тодорхой шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ үнэнийг хэлж байх хэрэгтэй. Нөхцөл байдал аа. Худлаа ярьж болохгүй ард түмэнд. Чадах юм аа чадахаар нь хэл, чадахгүй зүйлээ чадахгүйгээр нь хэлэх хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг байгаа нөхцөл байдлаар нь хөрөнгө мөнгөө үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Ингэвэл үүнийг чинь ард түмэн бас бодож үзнэ, ойлгоно. Юу болох гээд байгаа, ямар нөхцөл байдалтай нүүр тулаад байгаагаа, асуудлаа ярихгүй болохоор ард түмэн чинь бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна гэж дэлхий нийтээрээ ярьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд та бүхнийг ард түмний тавьсан шаардлага дээр маш анхаарч яаралтай шийдвэр гаргаж ажлаа зөв зохистой уялдуулж ажилла гэсэн шаардлага, анхааруулгыг та бүхэнд төрийн тэргүүний хувьд өгөх гэж та бүхнийг цуглуулсан юм. Яаралтай арга хэмжээ ав. Шуурхай ажилла" гэлээ.