УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2022.04.13/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг хурц шүүмжлэв.
Тэрээр: "Дэлхийн улс орнуудад үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч байна. Өндөр инфляци, өсөлт бага байх үзэгдлийг Стагфляци (stagnation+inflation) гэж нэрлэдэг. 1970-аад оны үед дэлхийн олон оронд гарсан үзэгдэл юм. Стагфляцийн үед бодлогын ямар арга хэмжээ авдгийг Монгол банк, Засгийн газар сайн судлаарай. Сайн судалж, нөхцөл байдалд таарсан зөв арга хэмжээ авч явах учиртай.
Үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар өмнө ярьж байсан дээрээ нэмээд тээвэр зууч, валютын ханш хоёрыг дурдмаар байна. Нэгдүгээрт, ковидоос болоод урд хөршийн хил бараг хаалттай, дайны улмаас хойд хил гацаа, саад ихтэй байгаа үед тээвэр зуучлал, ложистик маш зөв зохион байгуулагдах ёстой. Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Халтар сайд шийдэл ярихгүй зугатаад байх юм. Тээвэр зуучлалын асуудлаа шийдэхгүй л бол тээврийн зардал өсч, инфляци улам өснө. Хоёрдугаарт, валютын ханшийн өсөлт. Монгол улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол улсад сүүлийн 20 гаран жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсгөөд байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Тээвэр зуучлалын асуудалд алдаа гаргасан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна" гэв.