Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны баруун хязгаар болох Алтай, Хангай, Говийн нутгийн 400 км замыг явган туулахаар аян замдаа гарлаа. Спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан баг тамирчдыг аялалд гарахын өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Алхагчид Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхалтаа хийх юм. Тэд энэхүү алхалтын бэлтгэлээ нэг сарын өмнөөс хангажээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Чойсүрэн ахлагчийн удирдлага дор Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтсан байна. Аялагчийн үүргэчний жин гэвэл эрэгтэй 45, эмэгтэй аялагчийнх 30 км юм. Аялагчид аялалаа Завхан аймгийн Улиастай хотоос эхлүүлэх бөгөөд тус хотын иргэд гурван км замыг хамт туулах гэнэ. Аялал Архангай аймгийн Цэцэрлэг хотод өндөрлүүлэх юм байна.