Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) Улаанбаатарын Азийн аваргаар бөхийн гурван төрөлд тус бүр нэг барилдааныг онцолжээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д Энэтхэгийн Рави Кумар, Узбекистаны Гуломжон Абдуллаев нарыг онцолсон. Тэд 2016 онд өсвөр үеийн дэлхийн аваргад анх таарахад Абдуллаев 12:7-гоор ялж байв. Хамгийн сүүлд энэ жилийн Яшар Догугийн чансаа олгох тэмцээний 61 кг-ын жингийн финалд хүч үзэхэд Кумар 11:10-аар илүүрхсэн. Тэд хоорондоо дөрөв барилдахдаа 2:2 байгаа юм. Хоёулаа Улаанбаатарт чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд финалд таарч хайнаа хагалах магадлал өндөр гэнэ.
Эмэгтэйчүүдийн төрөлд 62 кг-ын жинд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, 2018 онд өсвөр үеийн дэлхийн аваргад түрүүлснээсээ хойш ердөө ганцхан ялагдсан Японы Нонока Озаки нар барилдаан анхаарлын төвд байна. Өнгөрсөн жил Ослод ширүүн барилдааны эцэст кыргыз бүсгүй эцсийн мөчид туршлага заан 6:4-өөр ялж дэлхийн хошой аварга болох замаа зассан юм. Сэтгэл дундуур үдсэн 19 настай Озаки даагаа хэрхэн нэхэхээр ирж буй гэдгийг Улаанбаатарын дэвжээнд харах боломжтой.
Сонгомол бөхийн төрөлд олимп, дэлхийн хүрэл медальт БНХАУ-ын Саилик Валихан, дэлхийн хошой аварга БНСУ-ын Рюү Хансү нарыг онцолжээ. Тэд өмнө нь хоорондоо барилдаж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил Токиогийн олимпоор нанхиад эр 60 кг-д хүрэл медаль хүртэж, Хансү 67 кг-д долдугаар байрт орсон юм. Тэгвэл Валихан Улаанбаатарт 67 кг-д нэрээ өгсөн бөгөөд туршлагатай бөхийн эсрэг хэрхэн барилдах нь анхаарал татаж байна. Гэхдээ энэ зөвхөн таамаг төдий ч тэд финалд таараагүй байх ч магадлалтай.