Айсулуу Болотовна Тыныбекова 1993 оны тавдугаар сарын 4-нд Кыргызстаны Жалал-Абадск мужийн Майлуу-Суу хотод төрсөн. Айсулуу 2009 онд Кочкор мужийн Тэндик тосгоноос аравдугаар ангиа төгсөөд тамирчин болохоор хатуу шийдэж нийслэлд эгч дээрээ ирж байжээ. Кыргызстаны үндэсний их сургуулийн биеийн тамирын танхимд дасгалжуулагч Түголбай Базакечовын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн дасгалжуулагч Нурбек Изабеков. Тыныбекова бага наснаасаа газар тариалан эрхэлж, мал маллаж өссөн бөгөөд 17 настайдаа орос ангид сурдаг, хими, математикийн олимпиадад оролцдог байсан онц сурлагатан. Бөхийг сонгохоосоо өмнө хөнгөн атлетик, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, карате гээд спортын олон төрөлд өөрийгөө сорьж байжээ. Айсулуу 2010 онд Тайландад болсон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь амжилтын гараагаа эхлүүлсэн. Кыргызстаны улсын эмэгтэй бөхчүүдээс олимпын мөнгө, дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аварга гэсэн анхны гэх бараг бүх тодотголыг “өмчилсөн” тэрбээр улсынхаа оны шилдэг тамирчнаар гурван удаа тодорчээ.
ТҮҮНИЙ ТОМООХОН АМЖИЛТУУД
Олимпын наадам:
* “Токио-2020” мөнгө - 62 кг
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
* “Парис-2017” хүрэл - 58 кг
* “Нур-Султан-2019” алт - 62 кг
* “Осло-2021” алт - 62 кг
Дэлхийн цом:
* “Белград-2020” алт - 62 кг:
Азийн наадам:
* “Инчёнь-2014” хүрэл - 55 кг
* “Жакарта-2018” алт - 62 кг
Азийн аварга шалгаруулах тэмцээн:
* “Шинэ Дели-2013” хүрэл - 59 кг:
* “Алматы-2014” мөнгө - 60 кг
* “Доха-2015” мөнгө - 60 кг
* “Бангкок-2016” алт - 58 кг
* “Шинэ Дели-2017” алт - 58 кг
* “Шиань-2019” алт - 62 кг
* “Шинэ Дели-2020” хүрэл - 62 кг
* “Алматы-2021” алт - 62 кг