Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг /2022.04.14/  УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тодотгон заасан. Энэ өөрчлөлтийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна гэлээ.  Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Тогтоолын төсөлд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг Үндсэн хуулийн дагуу ашиглах тухай” тогтоолын хэрэгжих үйл явцад хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагад даалгахаар тус тус тусгажээ. Хаалттай хувьцаат компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон байна. Үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагчид компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгөх юм байна. 7 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж мөн нэмж ашиг олох боломжтой гэж үзжээ. 

 Иргэдэд ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилахгүй байх зарчмыг баримтлан иргэд дараах төлбөрүүдэд ноогдол ашгаа шилжүүлэхээр тусгасан байна. Үүнд иргэд орон сууцны зээл, хүүгийн төлбөрөө төлөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, эмчилгээний зардал төлөх, даатгалын хураамжийн төлбөр төлөх боломжтой. Ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг цаашид баталгаатай өсгөх зорилгоор эрсдэлээс хамгаалагдсан хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлнэ гэж заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таны сурталчилгаа