Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод болох Азийн аваргад зодоглох сонгомол бөхийн төрөлд хамгийн алдартай тамирчин нь Рюү Хансу юм. Тэрбээр дэлхийд хоёронтоо түрүүлж, Ази тивдээ зургаан алтан медаль хүртсэн хүчтэн. 1988 оны хоёрдугаар сарын 1-нд БНСУ-ын Дэгү хотод төрсөн. 34 настай түүний хувьд сүүлийн гурван удаагийн Азийн аваргад дараалан түрүүлэхдээ 10 ялалт байгуулан Улаанбаатарт ирж байна. Түүнчлэн Хансу тивдээ 19-2 гэсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн бөгөөд таван медаль хүртсэний дөрөв нь алт. Түүний сүүлчийн ялагдал нь 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон бөгөөд шөвгийн наймд Японы Цүчика Шимоямадатай хийсэн барилдаанд духандаа том шарх авч бэртлийн улмаас ялагдал хүлээсэн юм. Түүний хувьд хоёр олимпод хүч үзсэн ч хараахан медаль хүртэж чадаагүй явна. 2016 онд Риод хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Расуль Чунаевт ялагдаж медальгүй хоцорсон бол өнгөрсөн жил Токиод долдугаар байрт орсон. 

ТҮҮНИЙ ТОМООХОН АМЖИЛТУУД

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Будапешт-2013” алт - 66 кг

* “Лас Вегас-2015” мөнгө - 66 кг

* “Парис-2017” алт - 66 кг

Азийн наадам:

* “Инчёнь-2014” алт - 66 кг

* “Жакарта-2018” алт - 67 кг

Азийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Астана-2014” хүрэл - 66 кг

* “Доха-2015” алт - 66 кг

* “Шиань-2019” алт - 67 кг

* “Алматы-2021” алт - 72 кг

* “Шинэ Дели-2020” алт - 67 кг

Таны сурталчилгаа