Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2022.04.20) 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Уг тогтоолд Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон хэмээн хуралдааны эхэнд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийг нэрсийг авав.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нэр бүхий 20 гишүүний санаачилгаар байгуулагдсан болохыг дурдаж, аливаа улс орны парламент нь ард түмний эрх ашгийг зөрчсөн хэрэгт хяналт тавих ёстой. Иймд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, мөн Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбатаарыг Түр хорооны даргаар нэр дэвшүүлэх саналтай байгаагаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалд шударга, улстөрийн эр зоригтой, асуудалд бодитой ханддаг хүн байх ёстойг тэмдэглэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын нэрийн дэвшүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш их хүлээлт бий болгосон. Иймд зөв ойлголтыг нийгэмд хүргэх, хариуцлагатай ажлын өмнө нүүр тулж байгааг онцолж, парламентын цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын нэрийг дэвшүүлэв.
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Т.Доржханд нарын нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд улстөрийн манлайлагч, хуульч гишүүн байх нь зүйтэй хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөрийн нэрээ татав.
Ингээд Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 75.0 хувь, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 25.0 хувийн саналаар тус тус дэмжигдэв.
Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.