“Бээжин-2022” өвлийн олимпын торгон агшныг харуулсан “Олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Blue Mon төвд нээлтээ хийлээ. Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал Бээжингийн өвлийн олимпыг сурвалжлахдаа үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр агшныг гэрэл зургийн дурандаа буулгажээ. Үзэсгэлэнд өвлийн олимпын сонирхолтой, дурсамжтай агшнаас түүвэрлэсэн шилдэг 50 зураг дэлгэгдсэн байна.
Сонирхуулахад, С.Энхжаргал удам дамжсан спортын гэрэл зурагчин бөгөөд түүний аав Б.Сугаржав 1972 оны Саппорогийн өвлийн олимпыг сурвалжилсан бол хүү нь 50 жилийн дараа мөн цагаан олимпын галын шугаманд ажилласан юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр С.Энхжаргалын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.
“Олимпын тэнгэр дэх фото бамбар” үзэсгэлэн тав хоногийн турш үргэлжилнэ.