Улсын Ерөнхий Прокурорын Газраас МҮБХ-нд "Допингийн 38 бөхийн зөрчил" гэх хэрэг бүртгэлийн 190200700 тоот хааж шийдвэрлэсэн хэргийн талаарх гомдлын эцсийн хариуг ирүүллээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ ТАНАА
Гомдолд хариу өгөх тухай
Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан таны гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 190200700 дугаартай, хааж шийдвэрлэсэн хэргийг татаж хянав.
Хэргийг хянахад “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам ”-д заасны дагуу тухайн тамирчнаас шээсний дээжийг авч, дахин давтагдашгүй кодыг тамирчин нэг бүрт олгож, дээжийг БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид олон улсын баталгаат шуудангаар илгээж, шинжилгээний хариуг хүлээн авсан байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тамирчин сэргээшийн төрлийн бодс хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд Монголын Допингийн Эсрэг төв дүгнэлт гаргаж, Салбар хороонд хүргүүлэх, улмаар Салбар хороо тухайн тамирчинд мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах чиг үүрэгтэй ажиллаж иржээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу 2009-2010 он болон 2013-2019 онуудад Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораториос гаргуулан авахад нийт 11 тамирчны дээжид сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.
Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье.
Энэ нь тус Прокурорын газрын эсцийн шийдвэр болно.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ШАДАР ЗӨВЛӨХ М.ЧИНБАТ гэжээ.