Цаг үеийн мэдээ

Улстөр, санхүү дамнасан бүлэглэл Хөгжлийн банкыг хэрхэн тоносон бэ гэдэг зураглал иргэдийн ой тоонд аль хэдийн буужээ. Хэн гэдэг ямар албан тушаалтан энэ бүхний эхлэлийг тавьсан бэ гэж асуувал төвөггүйхэн “Шинэчлэлийн Засгийн Газар” гэж хариулна. 

Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд эхнээсээ шалгагдаж эхэлсэн. Харин эцсийн шийдвэр гаргасан хүн нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тийм ч учраас бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байж шалгах нь шударга ёсонд нийцнэ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкыг хөгжүүлэхээр ирсэн Солонгосын зөвлөх компанийг явуулж, өөрийн найр наадмаа эхлүүлсэн түүхтэй. Яг энэ бүхнээс эхэлж Хөгжлийн банкны өнөөдрийн зовлон үүссэн байдаг. 

Хэн гэдэг хүний аль компанид хэдэн төгрөгийн зээл олгох вэ гэдгийг шийддэг байсан Н.Алтанхуяг өнөөдөр ариун цагаан мэт жүжиглэж сууна. Хамгийн наад захын жишээ гэхэд л концесс нэрийн дор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг Төмөртэйн ордтой нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” хэмээх компанид өгсөн баримт нь ил болсон. Өгсөн гарын үсэгтэй тогтоол нь ил байхад би буруугүй хэмээн мэлзэж, бусдад буруугаа тохоод суудалдаа шигдэж сууна.

Үнэн хэзээ ч алга болдоггүй

Н.Алтанхуягийн оролцсон хэрэг дэндүү их юм. Чингис, Самурай бондын 1,5 тэрбум долларын өрийг бид 10 жил төллөө. Дахин ч төлнө. Дуусдаггүй өр үүсгэчихсэн мөртлөө өөрийгөө сайн ажилласан гэж өмөөрөх хүн Н.Алтанхуягаас өөр алга. Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэж бий. Эхнэрийнхээ компанид албан тушаалаа ашиглаж 17 тэрбум төгрөгийн тендер өгсөн Ерөнхий сайдын хүргэн. Бас л Н.Алтанхуягийн нэг хэрэг. Цаашлаад охин А.Саранзаяа гээд нэр үргэлжилнэ. “Цэвэр агаар сан”-ийн хэрэгтэй холбогдуулж, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Мөн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нь “Нүүрс хөтөлбөр”-өөр дамжуулан мөнгө угаасан хэрэгтэй. 

Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нараас ийм олон хэрэгт өөрөө болон хамаарал бүхий этгээд нь гэмт хэрэгт шалгагдаж явсан тохиолдол байхгүй. Гэхдээ өөрөө энэ бүхнээс дандаа мултарсаар өдийг хүрчээ. Олон хавар нэгэнтээ гэдэг үг бий. Хөгжлийн банкны асуудал эрх баригчдын имиж болсон учраас эхнээс нь эцэс хүртэл нь шалгана хэмээн мэдэгдсээр буй. Үнэхээр ч эхнээс нь шалгах юм бол Н.Алтанхуягаас эхлэх нь ойлгомжтой. Түүний үеэс эхэлж л энэ банк дампуурлын замдаа орсон нь үнэн. 

Эрх мэдэл, ашиг хонжооны ямар асуудал гарав, тэр бүхэнд энэ хүний нэр явдаг болоод удаж байна. Намдаа гомдож, бие дааж УИХ-д нэр дэвшиж, олны итгэлийг авсан тэрбээр гишүүн болмогцоо АН-даа буцаж орсон увайгүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн, туйлбаргүй улстөрчөөр нэрлэгдсэн түүнийг өмөөрөх олон нийт ч алга болжээ. Олон арван жил нэр нь цуурайтаж байгаа түүнийг одоо УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгаж үнэн мөнийг тогтоох цаг нь ийнхүү ирлээ.

Таны сурталчилгаа