УИХ-ын гишүүн асан Ж. Батзандан Австрали улс дахь Монгол улсын ЭСЯ-ны зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр /2022.05.03/ Гадаад хэргийн яаманд өглөө. Тэрээр: "Миний бие 2004 онд Унгар улсаас ирэхдээ Шударга ёсны эрэлд" номоо бичиж ирсэн. Миний бие гадаадад ажиллаж сурах хугацаандаа ном бичиж ирдэг юм. Сая ирэхдээ нөхдийн хамт Монголыг аврах 18 хувьсгал буюу Шинэ хувьсгал номоо бичиж ирлээ. Мөн Их засаг үндсэн хуулийн төслийг боловсруулж ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монголд амьдрах ёстой гэж үзэж байна. Их Монголын иргэддээ Их засаг хуулийг батлуулж бэлэг барих болно. Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно гэдгийг дуулгая.
Мөн эх орондоо ирсэн шалтгаан нь МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр ирсэн. "Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм. Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх цаг болсон. Одоо УИХ, Засгийн газарт ташуур өгөх цаг болсон. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ" гэлээ.