Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Сөүл хотноо 2022 оны тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Азийн олимпын зөвлөлийн Зөвлөх хорооны уулзалт болж байна.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь тус хорооны гишүүн бөгөөд уулзалтын үеэр “Ганвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын тайлан, аравдугаар сард болох Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхий ассамблейн тайлан мэдээ болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг спортын үүрэг оролцоо, АОЗ-өөс хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд асуудлуудыг авч хэлэлцлээ.

Мөн БНСУ-ын ҮОХ-ноос хэрэгжүүлж эхэлж буй дижитал шилжилт, цахим метаверс орчинд ажиллах боломжийн тал дээр харилцан мэдээлэл солилцож, технологийн шинэчлэл хийх тал дээр хамтран ажиллах боломжийг судлахаар болов. Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын үеэр хэрэгжүүлсэн виртуал Монгол хаус төслийн талаар туршлагаасаа хуваалцав. 

Ази тивээс сонгогдсон ОУОХ-ны гишүүд энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ноён Юн Сук Ёл-той уулзаж, спорт-олимпизмын хөдөлгөөнийг Ази тивд түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Таны сурталчилгаа