Өнөөдөр (2022.05.04) УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Уг хуулийн төслүүдийн хүрээнд эрүүгийн хуулийн зарим зохицуулалт боловсронгуй болохоос гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Шинэчилсэн найруулгаар, үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг зааглаж, хариуцлагын механизмыг тус бүрчлэн тодорхой болгохоос гадна хуулийн зүйл, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгаж, уялдаа холбоог хангахаар тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барив. Уг хуулийн төслийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, засаглалын системийг сайжруулах, төрийн зүгээс үйлдвэрлэлийн зарим салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах зэрэг бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж бүрдэнэ гэж тодотгов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэх бөгөөд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй болно гэж онцоллоо.
Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Уул уурхайн чиглэлээр улс хоорондын тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэрлэлтийн хүндрэл чирэгдлийг багасгах, бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг хангах эерэг үр дагаврыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.