Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б. Жавхлан өглөө.
Тэрээр: "Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкны өр барагдуулалт ямар түвшинд байна, үүнийг хэрхэн эрчимжүүлэх талаар мэдээлэл өглөө. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбумын өр төлөгдсөн байна. Тиймээс цаашдаа энэ банк хэвийн ажиллахын тулд эдгээр чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх зайлшгүй нөхцөл үүсээд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр томоохон бонд байна. Эхнийх нь Сэргэн мандалт нэртэй нээлттэй бонд. 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой 500 сая ам.доллар буюу 1.5 их наядын өр. Мөн 2023 оны 12 сарын 25-нд төлөх Самурай бонд. 725 тэрбумын өр. Хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бондын өр. Засгийн газрын баталгаатай өр юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажил руу шуурхайлан орсон. Бодитой үр дүн гаргаж байж тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Ингэж байж хоёр бондыг амжилттай төлж барагдуулна. 165 тэрбум төгрөгөөр Самурай бондын өрийг төлж эхлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн. Ирэх онд Самурай бондыг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөөр төлөх төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Энэ ажилд хуулийн байгууллагуудын оролцоо маш чухал байна. Тиймээс Хууль зүйн сайдаар ахлуулсан хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулж, ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэлээ.