Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас допингийн шинжилгээний асуудлаар тодрууллаа.
2022 оны 3 сарын 15,17-нд бөхчүүдээс допингийн явцын шинжилгээг авсан. Тухайн шинжилгээний талаар мэдээлэл өгнө үү
3 сарын 15, 17-ны барилдаан дээрээс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 4 сарын 25-ны өдөр Допингийн үндэсний төвд ирсэн. Допингийн үндэсний төв тэр өдөртөө хариуг Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлсэн.
МҮБХ-ноос 2 бөхөөс допинг илэрсэн гэдгийг мэдэгдсэн. Яагаад допинг илэрсэн бөхчүүдийг зарлахгүй байна вэ. Үүнээс үүдэн нилээдгүй хардлага гарч байна. Ер нь допинг илэрсэн бөхчүүдийг зарлах журам нь ямар байдаг вэ
Допингийн шинжилгээ авах, шинжлэх гээд журмуудтай. Үүнтэй адил допингийн шинжилгээний дүнг мэдээлэх, зарлах гээд журмын дагуу шийдэгдэж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл допингийн үндэсний төвөөс 14 бөхийн бүх шинжилгээний хариуг бөхийн холбоонд өгдөг. Бөхийн холбоо энэ асуудлыг хэлэлцээд журмын дагуу эерэг гарсан бөхчүүддээ мэдээлнэ. Сөрөг гарсан бөхчүүдэд мэдээлэх шаардлагагүй. Сөрөг гарсан бөхчүүд шаардлагатай гэвэл хариугаа авч болно. Эерэг гарсан бөх тайлбар хийх, B сорьцоо шинжлүүлэх зэрэг эрхтэй учир бүгдийг мэдээлэх шаардлагагүй. МҮБХ-ны тэргүүлэгчид хэлэлцээд 2 бөхийн тайлбар хүсэлтийг хүлээж авсан. Баталсан дүрмийнхээ дагуу ёс зүйн зөвлөлөөрөө энэ асуудлуудыг хэлэлцэнэ.
2019 оны наадмын дараа бөхчүүд допингийн шинжилгээний асуудлаар шууд дамжуулалт хийж мэдээлэл хүргэж байсан. Энэ нь допингийн дүрэм журамд нийцэх үү?
Энэ бол байж болохгүй зүйл. Тухайн үеийн бөхийн салбар комиссоос сөрөг гарсан бөхчүүдэд мэдээлэл хийгээд, сөрөг гарсан бөхчүүд нь үүнийгээ олон нийтийн сүлжээгээр мэдээлэх нөхцлийг бүрдүүлсэн. Тухайн үед эерэг гарсан бөхийн тайлбар хийх боломжийг гаргаж өгөөгүй. Эерэг гарсан бөхийн В сорьцоо шинжлүүлэх хүсэлтийг хүлээж авах зэрэг олон асуудлуудын эрхийг зөрчсөн асуудал үүсэж байсан. Улсын дээд шүүх дээр энэ асуудал хэлэлцэгдээд бөхийн салбар комисс процессын алдаа гаргасан байна гэж үзээд Э.Оюунболдын 2 жил эрх хассан шийдвэрийг 1 жил болгож байсан.
МҮБХ-ноос хамаарахгүй тухайн шинжилгээнд хамрагдсан бөхчүүд алдаа гаргаад байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Бөхчүүд өөрсдөө журмаа сайн мэдэхгүй байна. Энэ тухай мэдээллийг бид одоо олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна.
МҮБХ-ны Их Эе хурал болж бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Сая 14 бөхийн шинжилгээнээс 2 бөхийн шинжилгээний хариу зөрчилтэй гарчихлаа. Энэ асуудалд МҮБХ-ны тэргүүлэгчид хариуцлага тооцох уу? шинээр байгуулагдсан ёс зүй хариуцлагын зөвлөл хариуцлага тооцох уу?
МҮБХ-ны дүрэмд 2022 оны 4 сарын 9-нд өөрчлөлт орсон. Ёс зүйн зөвлөл гэж бий болсон. Ёс зүйн зөвлөлд олон нийтийн төлөөллөөс 6 хүн орохоор дүрэмд заасан, 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тухайн асуудал ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлөөр хэлэлцэгдэнэ.
Үндэсний журам 2003 оноос хойш батлагдаагүй. Энэ асуудал ажил хэрэг болоод ЮНЕСКО-д очсон. Одоо ямар шатанд явна вэ?
Энэ үндэсний журам байхгүйгаас бөхийн салбар комисс гээд субьект өөр шийтгэл оногдуулаад үүн дээр нь маргаанууд үүсээд яваад байдаг.
Маргаан хууль шүүхийн байгууллагаар явахаар бас үндэслэлтэй болоод байдаг ...
Тийм. Үндэслэлтэй болоод байдаг. Энэ журмыг Засгийн газар батлах юм билээ. Засгийн газар баяр наадмаас өмнө батлах байх. Тэгж байж энэ асуудал цэгцэрнэ. Цэгцрэхгүй бол МҮБХ 4-8 жилийн шийтгэл ноогдуулдаг. Наадмын комисс 3, 6, 11 сар шийтгэл ноогдуулдаг гэдэг маргаан тасрахгүй.
Бусад холбоод допинг илэрсэн тамирчдаа зарлаж байгаа зүйл харагддаггүй...
Бусад холбоодын тамирчдаас допинг илэрдэг үү гэхээр илэрдэг. Ямар шалтгаан байх уу гэдэг зөндөө асуудал байна. Бэртэл гэмтэл байж болно, хариуцлагагүй үйлдлүүд байна. Тэр бол тусдаа асуудал. Тамирчиддаа хариуцлага журмаа тооцоод, мэдээлээд, тамирчид нь гэм буруугаа хүлээгээд, тэмцээн уралдаандаа орохгүй ингээд шийдэгддэг. Энэ нь тухайн холбоо, бөхийн нэр хүндийн асуудал тул журмын дагуу шийдэгдэнэ. Үндэсний бөх дээр бол үндэсний бөхийн тамирчид хариугаа хүлээн зөвшөөрдөггүй, тайлбараа өгдөггүй, хууль шүүхийн байгууллагад ханддаг зэргээс хамаарч тухайн асуудлыг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, сэтгүүлчид гаргаж ирдэг. Ингээд асуудал үүсээд явдаг.
Сая хориотой бодис илэрсэн 2 бөх гэм буруугаа хүлээгээд холбоондоо хандсан байсан...
Сая илэрсэн 2 залуу бол ийм гэмтэл бэртэлийн улмаас ийм тариа, бэлдмэлийг хэрэглэсэн. Бөхийн холбооноос ноогдуулах хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. В сорьцоо шинжлүүлэхгүй. Бүх буруу бидний хариуцлагагүй байдлаас боллоо гээд хүлээн зөвшөөрсөн. Энэ журмаараа л шийдэгдэх асуудал. Олон нийтэд зарлах шаардлагагүй. 2 бөхийн нэр хүндийн асуудал гэж байна.