Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөллийн уулзалт өнөөдөр болж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Меэр Биш, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн салбарын хөтөлбөрийн менежер Сузанна Амслер болон албаны бусад хүмүүс оролцов.
Швейцарын хөгжлийн агентлаг нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн 2-р шатанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь”, УИХ-ын Тамгын газартай хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” гэсэн харилцан уялдаатай гурван дэд төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явц, үр дүн, анхаарах асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар Монгол Улсад ардчилсан ёс, эрх зүйт төр, парламентын ардчиллыг төлөвшүүлэх үйл хэрэгт Швейцарын хөгжлийн агентлаг үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр, “Швейцарын хөгжлийн агентлаг нь Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2016-2021 онд хэрэгжсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлье.
Төслийн 2-р шатанд хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд УИХ-ын хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих, Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зэрэг олон чиглэлээр, үр дүнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд үр ашигтай, идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн нь чухал юм гэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Меэр Биш, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн салбарын хөтөлбөрийн менежер Сузанна Амслер нар УИХ-ын Тамгын газарт хэрэгжиж буй төсөл гэрээний дагуу, амжилттай өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, засаглал, чадавхыг сайжруулах бидний хамтын зорилго бүрэн биелж, чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.