2018 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саиед Моллай Азербайжаны шигшээ багт барилдахаар болсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тухайн асуудлаар Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодрууллаа. Тэрээр: "Саиед Моллай тамирчны хувьд Монголын жүдо бөхийн холбоонд 2019 оны Дэлхийн аваргын дараа хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу бид 2019 онд Токиогийн олимп дуусах хүртэл гэрээ байгуулсан. Тамирчин маань Токиогийн олимпод амжилттай оролцож мөнгөн медаль авсан. Ингээд Токиогийн олимп дууссан тул Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээ дууссан гэсэн үг. Саиед Моллай өөрөө Азербайжаны талд хүсэлт тавиад Азербайжаны тал дэмжиж одоо тус улсын шигшээ багт барилдахаар болсон. Энэ тухайгаа Саиед Моллай бидэнд 2 сарын өмнө мэдэгдсэн. Холбогдох материалуудаа хөөцөлдөөд явж байгаа гэдгээ хэлсэн. Бидний зүгээс түүний сонголтыг хүндэтгэж татгалзах зүйлгүйгээр саналыг нь хүлээн авсан. Саиед Моллайтай ямар нэгэн үл ойлголцол ч юм уу тийм зүйл байхгүй, манай жүдо бөхийн холбоо, Монгол улс түүнийг дэмжиж ажилласан.
Ингээд 2 улсын жүдо бөхийн холбоодын гэрээ, хүсэлтийг үндэслэн Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаад талуудын хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан" гэлээ.