“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж, олимпын танхимаа шинэчлэн тохижуулж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй.
Сонгинохайрхан дүүргийн 121-р сургуулийн хамт олон аяны хүрээнд “Жаргалант” олимпын танхимыг шинээр байгуулж, нээлтээ албан ёсоор хийлээ. Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа нар оролцов.
Энэ үеэр 121-р сургуулийн захирал Б.Дуламсүрэн “Бид олимпизмын мэдээллийг сурагчдадаа өгөх, багш нараа чадавхжуулах, сурагчдаа спортоор хичээллэх боломжоор хангах зорилгоор олимпын танхимаа байгуулсан” хэмээн ярив.
Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн олимпын танхим хариуцсан багш, арга зүйчид оролцсон бөгөөд энэ үеэр МҮОХ-ноос олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх тухай сургалт явууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 121-р сургууль 2012 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 640 сурагч, 76 багш ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.