ХБНГУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нарын МАН-ын төлөөлөгчид айлчлалын хоёр дахь өдөр Прогрессив Аллиансын Олон улсын зохицуулагч Конни Ройтертой уулзалт хийв.
Тус уулзалтаар КОВИД-19 цар тахлын дараах намын дэвшилтэт бодлогын талаар, Прогрессив Аллианс дахь Монгол Ардын Намын оролцооны тухай тус тус санал солилцлоо.
Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Аллианс /Progressive Alliance/ байгууллагын 2019 оны ээлжит чуулганаар тус байгууллагын Удирдах зөвлөлд дэлхийн 140 гаруй намаас 40 намын төлөөлөл сонгогдсоноос МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, айлчлалын бүрэлдэхүүн дэх УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар сонгогдсон билээ.
Прогрессив Аллианс байгууллага нь 2013 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 140 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагыг эгнээндээ элсүүлсэн юм.
Мөн энэ өдөр Германы Социал Демократ Намын Холбооны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Жессика Вишмайер, Германы Социал Демократ Намын бүлгийн гадаад харилцааны нарийн бичиг Филипп Финк нартай уулзаж хоёр намын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цар тахал, эдийн засгийн хүндрэлийн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай саналууд солилцов.