Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өнөөдөр /2022.05.15/ Төв аймгийн Борнуур суманд ажиллан, иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг сонсож байна.

Уулзалтын өмнө Соёлын төвийн шинэ байрны барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзлаа. Барилга угсралтын ажил 70%-тай явагдаж байгаа бөгөөд одоогоор дотор заслын ажил хийгдэж байна. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан ажил удааширч байгаа талаар гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байна. Гэрээний дагуу 2022.08.25-ны дотор барилгыг ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллахын сануулж хэллээ.

Мөн хаврын тариалалтын ажилтай холбоотой сумын удирдлагууд, холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, үр нийлүүлэлтийг сайжруулах, цаашлаад Борнуур сум нь дотоодын хүнсний ногооны хангалтын гол бүс нутаг болох, мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр өндөр ашиг шимт үхрийн үүлдрийг сайжруулах талаар санал солилцлоо.

Үдээс хойш аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга, сумын Засаг дарга Н.Ундрахбилэг нарын хамт сумын сүү бэлтгэн нийлүүлэгчид, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцана.

Таны сурталчилгаа